Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Малайзын нийслэл Куала-Лумпураас БНХАУ-ын нийслэл Бээжин хот хүрэх замдаа алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг-777” онгоц ор сураггүй болсноос хойших 100 дахь хоног өчигдөр болов. Онгоцонд 239 хүн явсны гуравны хоёр нь Хятадын иргэд байсан юм. Зорчигчдын ар гэрийнхэн ням гаригт болон өчигдөр сүм хийдүүдийн гадаа цуглаж, арц хүж асаан, мөргөл үйлджээ.
Малайзын албаны хүмүүс уг онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт, Австралийн эргээс баруун хойд зүгт осолдсон гэж үзэж байгаа. Онгоц алга болоод 100 хоносонтой холбогдуулж, тус улсын “Иргэний агаарын тээвэр” компаниас гаргасан мэдэгдэлд “Хамгийн урт удаан, хамгийн хүнд хэцүү 100 хоног байлаа. MH370 нислэгийн онгоцонд юу тохиолдсоныг мэдэхийн тулд бид чадах бүхнээ хийнэ” гэжээ. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак мөн эрлийн ажил үргэлжилнэ гэж мэдэгдээд байна.