Байгалийн хийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хэмээн ОХУ нийлүүлэлтээ зогсоосон тухай Украины Засгийн газар мэдээллээ. Тус улсын Эрчим хүчний сайд Юрий Проданы хэлснээр талууд хийн төлбөрийн асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүй учир хэн хэн нь Стокгольм хот дахь Олон улсын арбитрын хүрээлэнгээр дамжуулан харилцан гомдол гаргасан гэнэ.
ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компани Украинаас 4.5 тэрбум ам.долларын авлагатай бөгөөд 1.95 тэрбумыг нь өчиг дөр хүлээж авах байсан юм. Харин Украины “Нафтогаз” компани 2010 оноос хойш оросуудад илүү төлбөр өгч байсан, үүнийхээ хохирлыг барагдуулж “Газпром”-оос зургаан тэрбум ам.доллар буцааж авах ёстой гэжээ. Мөн Оросын талыг хийн үнээ 80 хувиар өсгөсөн гэж үзэж байгаа аж.
Хоёр орны дунд үүссэн маргааныг шийдвэрлэхэд Европын холбоо зуучлагчаар оролцохоо мэдэгдээд байна. Европын орнуудад хүрдэг Оросын байгалийн хийн 15 хувь нь Украины нутгаар дамждаг юм.