Зүүн Украины зэвсэгт босогчид бямба гаригийн өглөө Украины агаарын хүчний онгоцыг сөнөөсний уршгаар 49 хүн амь үрэгджээ. Энэ явдлыг тус улсын Ерөнхийлөгч Петро Порошенко украин үндэстэнд тохиолдсон том гарз хэмээгээд “Дайснууд яаж ч хандсан бид энхтайвныг эрхэмлэсээр байх болно” гэсэн байна. Тэрбээр улс даяар гашуудал зарлаж, “Алан хядагчид зохих шийтгэлээ хүлээнэ” гэж амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд амлажээ. Зүүн Украинд байдал хурцадсанаас хойш буюу өнгөрсөн хоёр сарын хугацаанд 270 орчим хүн нас барсан ч тус улсад анх удаа албан ёсоор гашуудал зарласан нь энэ юм.
“Ил-76” онгоц тусламжийн хүнс, байлдааны тоног төхөөрөмж болон 30 гаруй шүхэрчин авч явсан бөгөөд Луганск хотын нисэх буудалд газардахаасаа өмнө осолдсон аж. Энэ явдлын дараа украинчууд Киев хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлж, тус улсын төрийн далбааг урж шатаан, яамны байрны гадаах машинуудыг доош харуулан, яам руу өндөг, чулуу шидэн цонхнуудыг нь хагалжээ. Эсэргүүцэгчдийг балмад танхай авирласан гэж ОХУ-ын эрх баригчид шүүмжилсэн бол АНУ мөн энэ хэргийг олон улсын дипломат ёсонд харшилсан, зүй бус хэрэг гэсэн байна.
Франц, Германы төрийн тэргүүн нар ч гэсэн уг явдалтай холбогдуулж байр сууриа илэрхийлсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, онгоцны осолд буруутай этгээд үүдийг олоход туслахыг хүссэн гэнэ. Кремлийн тэргүүн хэргийг шалгахаа амлаад, Украины Ерөнхийл өгчид хандан сөргөлдөгч талуудын дунд яриа хэлэлцээ зохион байгуулахыг зөвлөөд байна. ОХУ-ын танкууд нутагт дэвсгэр рүү нь цөмөрсөн гэх Украины Засгийн газрын мэдээлэл үнэн болохыг дээрх явдалтай зэрэгцэн НАТО баталжээ. Уг байгууллагаас гаргасан хэд хэдэн гэрэл зурагт Украины зэвсэгт хүчний таних тэмдэггүй “T-6” загварын танкууд байгаа нь ОХУ-ын цэргүүд тус улсад нэвтэрсэн гэж НАТО-гийнхныг таамаглахад хүргэсэн гэнэ. Үүнийг ОХУ-ын тал үгүйсгэж байна.
Г.ЛХАГВА