Канадад айлчилж яваа Английн ханхүү Чарльз Украины хувьд Оросын явуулж буй бодлого Крымийг өөрийн бүрэлдэхүүнд оруулсан талаар ярихдаа “Гитлерийн хийж байсан шиг юмыг Путин хийж байна” гэж хэлсэн байна. Ханхүүд үйлчилж явсан хатагтай Мэриэнн Фергюсон ВВС-гийн сурвалжлагчид ярихдаа, “Урьд нь Гитлерийн хийж байсан зарим зүйлийг Путин одоо хийж байна. Тэрбээр Гитлер шиг улс орныг эзэлж авч байна гэж ханхүү хэлсэн. Харин Орос улсын талаар ер юм яриагүй” гэсэн байна. Ханхүүгийн хэлсэн үгийн талаар түүний хэвлэлийн алба ямар нэг тайлбар хийхгүй гэжээ. Дэлхийн II дайны үед Холбоотны цэрэг Нормандид буусан үйл явдалд зориулсан баярын арга хэмжээ зургадугаар сарын 6-нд Францад болох бөгөөд энэ үеэр Путинтэй Чарльз уулзахаар төлөвлөж буй аж.