Францын сэтгүүлч эмэгтэй Төв Африкийн БНУ-д амь үрэгдсэн тухай Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын албан мэдээнд өгүүлсэн байна. Энэ аллагын нөхцөл байдлыг тодруулахад онцгой хүчин чармайлт гаргахаа тэрбээр тэмдэглэжээ. Цэргийн “Sangaris” ажиллагаанд оролцож байсан Францын харуулынхан Христийн зэвсэглэсэн бүлэглэлийн эгнээнд байдаг байж болзошгүй хэмээн сэжиглэсэн этгээдүүдийн машиныг нэгжих үедээ сэтгүүлч бүсгүйн цогцсыг олсон аж. Тэрбээр эндээс сурвалжлага хийж байжээ. Төв Африкийн БНУ-д христийн болон лалын зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд ширүүн тэмцэл 2013 оны гуравдугаар сараас эхлээд буй юм. Энэ хугацаанд олон мянган хүний амь үрэгдэж, нэг сая орчим хүн дүрвээд байна. Тус улсад байдал хурцадсанаас гадаадын цэргийн хүч оруулахыг зөвшөөрсөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол гарсны дараа 2013 оны арванхоёрдугаар сараас Франц улс цэргээ ийш нь илгээсэн бөгөөд одоо энд Францын 2000 цэрэг, офицер байгаа юм.