Литвад өчигдөр Ерөнхийлөгчийн сонгууль болов. Үндсэн хуульд зааснаар 20 мянган хүний гарын үсэг цуглуулж чадсан долоон нэр дэвшигч өрсөлдөж буйгаас одоогийн Төрийн тэргүүн Дали Грибаускаите ялах магадлал өндөртэй гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн сарын дундуур явуулсан судалгаагаар тэрбээр сонгогчдын 46.4 хувийн саналыг авахаар байжээ. Эхний шатанд ялахын тулд Грибаускаите сонгогчдын 50-иас илүү хувь нь санал хураалтад оролцсон тохиолдолд тэн хагасаас нь илүүгийн дэмжлэгийг хүлээх ёстой гэнэ. Хэрэв сонгогчдын 50-иас дээш хувь нь сонгуульд оролцоогүй бол оролцсон хүмүүсийн гуравны нэгээс дээш хүмүүсийн саналыг авах учиртай аж. Эднийд мөрддөг хуулиар бол сүүлийн гурваас доошгүй жил Литвад аж төрсөн тус улсын иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй байдаг юм байна. Мөн нас нь 40-өөс доошгүй, Сеймд сонгогдох эрхтэй байх ёстой. Сонгуулийн нэгдүгээр шатанд Ерөнхийлөгчийг тодруулж чадахгүй бол хоёр дахь шатыг нь тавдугаар сарын 25-нд Европарламентын сонгуультай хамт явуулах юм байна. Энэ санал хураалтад хоёр нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын хэдэн хувь нь оролцсоноос үл хамааран олонхийн санал авсан нь ялах аж. Өмнөд Суданд эвлэрэл тогтоолоо Өмнөд Суданы одоогийн Ерөнхийлөгч Салва Кийрийн тэргүүлдэг Засгийн газрын хүчин, Ерөнхий сайд асан Риек Мачарын босогчид эвлэрэлд хүрч чадлаа. Энэ тухай баримт бичигт Мачар, Кийр нар гарын үсэг зуржээ. Таван сар үргэлжилсэн мөргөлдөөний явцад Өмнөд Суданд олон мянган хүн амиа алдаж, сая гаруй иргэн нь эх орноосоо дүрвэхэд хүрчээ. Түүнчлэн энэ сарын 8-нд хэвлэгдсэн НҮБ-ын тайланд өгүүлснээс үзвэл олноор нь хядах, бэлгийн боолчлолд оруулах, бүлэглэн хүчирхийлэх зэрэг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хоёр талыг буруутгаж байгаа аж.