Панамын сөрөг хүчний удирдагч, дэд ерөнхийлөгч Хуан Карлос Варела Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 40 орчим хувийн санал авч, ялалт байгуулжээ. Тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Рикардо Мартинеллигийн гол шүүмжлэгч юм. Гэхдээ түүнийг Р.Мартинеллигийн эдийн засгийн бодлогын ачаар олны дэмжлэг хүлээсэн гэж ажиглагчид үзэж байна. Өдгөө 50 настай Х.Варела тус улсын хамгийн чинээлэг улстөрчийн нэг бөгөөд Панамын сувгийг өргөтгөхийг дэмждэг нэгэн юм. Панам нь Латин Америкийн орнуудаас эдийн засаг нь хамгийн хурдан өсөж буй орны нэг тул тэрбээр олон улстай, тэр дундаа АНУ-тай нээлттэй харилцана гэжээ.