Дэлхий нийт Украиныг иргэний дайны ирмэгт байгаа, иргэдийнх нь зөрчил буу шийдэмдээ хүрсэн, хот суурингууд нь босогчдын гарт сүйдсэн, хаана нь ч очсон дарийн утаа үнэртэнэ гэж төсөөлөх болоод уджээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд украин чуудын хагарал бутрал, зөрчил тэмц лийг л онцолж буй тул энэ нь ч аргагүй юм. Гэхдээ бодит байдал өөр байгаа тухай CNN агентлаг мэдээлж байна.
Зүүн Украины ердөө нэг хот буюу Славянск л босогчдын бүрэн мэдэлд байгаа бөгөөд хот руу орж, гарах бүх замыг тэд хаажээ. “Босогчид” гэдэг үг ч энд тохиромжгүй юм. Славянскийн ногоон өмсгөлтэй “цэрэг эрс”-ийн дунд хэлхгэр хүрэмтэй өсвөр насныхан, В.Путинийг аврагчаа гэж үздэг, хоорондоо ам уралдан ярихад нь алтан шүд нь гялсхийх орос эмээ нар ч бий. Нарийхан гудамж, намхан байшин барилгуудтай, хэд хэдэн голоор хүрээлэгдсэн энэ хотыг хамгаалж ядах юмгүй. Оросын талыг баримтлагч гэх бүлэглэлүүд нь дүрэмт хувцастай, багтай эрчүүд гэхээсээ энгийн иргэдээс бүрдэнэ. Славянскийн 130 мянга орчим оршин суугчийн дийлэнх нь мөнөөх босогчдодоо талтай. Тэд өнгөрсөн хоёрдугаар сард засгийн эрхэнд гарсан шинэ эрх баригчдаа Европын холбоо, АНУ-д эх орноо худалдах гэсэн учраа олохгүй “хүүхдүүд” гэж үздэг. Энд урьдын адил хурим найр болж, гудамжны жижигхэн мухлагуудын дэргэд хүүхэд, хөгшид шорлог, пицца идэж, задгай захынх нь худалдаачид лангууныхаа ард юу ч болоогүй мэт зогсоцгооно.
Босогчдыг тэргүүлэгчийн нэг, өөрийгөө Славянскийн шинэ даргаар “томилсон” Вячеслав Пономарёвын хэлсэн шиг энд Сараево юм уу Сталинградыг санагдуулахаар зүйл алга. “Украины арми манай хотыг эзэлж, бид Сталинградын бүслэлтэд байсан хүмүүс шиг байна” гэж түүний хэлсэн нь хэтрүүлэг гэлтэй. “Оросын гар, хөл болсон зэвсэгт босогчид зүүн Украинд зориудаар үймээн дэгдээж байна. Тэднийг Москвагаас бэлдэж, зэр зэвсгээр хангасан” гэсэн барууны хэвлэл мэдээл лийн зарим хэрэгслээр цацаж буй мэдээллүүд ч хэт нэг талыг барьсан, өрөөсгөл болох нь харагдана. Украины цэргүүд Славянскийн бүслэлтэд хэдэнтээ тулж, хотын захад босогчидтой сөргөөцөлдөөд авсан ч, тэр үеэр 10 гаруй хүн нас барсан гэх ч армийнхан хот руу одоохондоо цөмрөөгүй байна. Донецк мужийн төв, Украины тав дахь том хот Донецкт хүртэл байдал харьцангуй тайван байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Одесс хотын төвд үймээн дэгдэж, хотын Үйлдвэрчний эвлэлийн байранд гал гарснаас болж 50 шахам хүн амь үрэгдэх хүртэл энэ хотыг “Эхэлж тэсрэх хот” гэж ажиглагчид нэрийдэж байлаа. Гэхдээ Одесст байдал хурцдаж, Украин даяар айдаст автаад байгаа энэ үед ч тэндхийн худалдаа, үйлчилгээний газрууд тогтсон цагтаа ажиллаж, Украины хөлбөмбөгийн “Шахтёр Донецк” клубийн тоглолтууд хуваарийн дагуу явж, Донецкийн нисэх онгоцны буудал хэвийн ажиллаж байна. Байдал нэг л биш байгаа нь хотын төвд л харагдана. Хотын захиргааны байрууд болон зэргэлдээх байшин барилгуудыг нь машины хэдэн зуун дугуй, төмөр утас, хог хаягдал хүрээлж, эргэн тойронд нь элдэв туг дарцаг намируулж, нүүр амаа халхалсан хүмүүс хөлхөнө. Сая гаруй оршин суугчтай энэ хотын хэдхэн зуун хүн л жагсаал, цуглаанд идэвхтэй оролцож байна. Мариуполь, Краматорск, Гор ловка зэрэг Донецк мужийн бусад хотод ч хотын захиргааны байрууд, цагдаагийн газруудыг нь эс тооцвол хөл хөдөлгөөнтэй, бужигнаантай газар алга. Гэхдээ 2-3 долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад буу агссан, ногоон эрээн хувцсаар жигдэрсэн хүн олон харагдах болж, энгийн иргэдийн дунд Орос, Украиныг дэмжигчид талцаж хуваагдах нь нэмэгджээ.
Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Харьков хотын захирагч тэнэмэл суманд шархдаж, Славянскийн ойролцоох Константиновка хотод ногоон хувцастнууд дахин нэг объект эзлээд буй. Гэсэн ч зүүн Украинд үүсээд буй нөхцөл байдлыг “иргэний дайн” бүү хэл “зэвсэгт бослого”, “үймээн самуун” гэж нэрлэхэд ч эрт байна. Байдал түгшүүртэй, бүрхэг байгаа нь үнэн ч украинчууд ирэх ням гаригт Донецк, Луганскт болох, эдгээр бүсийг ОХУ-д нэгтгэх, эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг, түүнээс хоёр долоо хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг битүүхэн хүлээх болжээ. Санал асуулга, сонгуулийн дүн олон нийтийг талцуулбал л харин нийтийг хамарсан үймээн самуун дэг дэж мэдэх юм. Түүнээс биш украин чууд улс орноо тийм ч амар түйвээчих улс биш. Дайсагналцаж, талцлаа ч тэд одоогоор толгойгоо алдчихаагүй байгаа бөгөөд энд маш цөөн хүн л өөд өөдөөсөө буу шагайсан гэдгийг онцлох хэрэгтэй.
Одесст олон арван хүн амь үрэгдсэний дараа Оросын талыг баримталж, холбооны тогтолцоог дэмжиж буй хүмүүс хүртэл улс орноо нэгдмэл байлгахыг хүсэж байгаагаа илэрхийлж Оросын далбааг Украины цэнхэр, шар алагласан далбаатай хамт барьсан нь мэр сэр харагдаж байв. Украины шинэ Засгийн газрынхны ярьж хэлээд байгаа шигээ хүчтэй биш байгаад л хамаг учир байгаа юм. Ерөнхий сайд Арсений Яценюк Оросын цэрэг улсынх нь нутаг дэвсгэрт нэвтэрвэл Украины арми эцсээ хүртэл тэмцэнэ гэж хэлсэн ч энэ нь боломжгүй гэдгийг дэлхий нийт мэдэж байгаа. Оросууд ч гэсэн Украин руу цөмрөхөө урьтал болгохгүй. Олонх ажиглагчийн таамаглаж байгаагаар В.Путинд Украиныг эзлэх нь биш, харин тус улсын төр засагт өөрийнх нь бодлого нөлөөлж байх нь л чухал. Тиймээс Украинд энхийг тогтоох нь Оросын ч биш, АНУ, Европын холбооны ч биш, зөвхөн шинэ эрх баригчдынх нь үүрэг юм.