Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд алга болсон Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг 777” онгоцны их бие байж болзошгүй том төмөрлөг эдийг далайн ёроолоос олсноо Австралийн “GeoResonance” компани мэдээллээ. Далайн ёроол дахь аварга том сэг Бенгалын булангийн ойролцоо буюу Бангладешийн өмнөд эргээс 190 орчим км зайтай газраас олдсон байна. Энэ нь олон улсын эрлийн багийнхны одоо ажиллаж буй Австралийн баруун эрэг буюу Энэтхэгийн далайн өмнөд хэсгээс баруун хойшоо олон мянган км-ийн цаана гэсэн үг юм. Малайзын тал “GeoResonance”-ийн мэдээлэлтэй илүү дэлгэрэнгүй танилцана гэхээс өөр зүйл одоогоор хэлээгүй байна. Харин эрэн хайх ажиллагааг ахалж байгаа Австралийн шинжээчид “Онгоцыг тэр хол явсан гэдэгт эргэлзэж байна” гэжээ. “GeoResonance” нь геофизикийн судалгаа, шинжилгээний байгууллага юм. Тус компани газрын тос, байгалийн хий, гүний ус, уран болон алмааз эрдэнэ хайх ажилд хүртэл оролцдог байна. “GeoResonance”-ынхны ашигладаг технологийг мөн далай тэнгисийн гүн дэх цөмийн болон хими, биологийн зэр зэвсэг илрүүлэхэд хэрэглэдэг тул живсэн онгоц олох нь тэдний хийж чадах ажлын нэг гэж CNN агентлаг онцолжээ. Алга болсон онгоцыг эрж хайхдаа “GeoResonance”- ынхан их хэмжээний хөнгөн цагаан илрүүлэхээр зорьсон байна. Учир нь “Боинг” онгоцны их биеийн 70 хувийг хөнгөн цагаанаар хийдэг аж. Компанийн тэргүүн Дэвид Попын хэлснээр Бенгалын булангаас хөнгөн цагаан, титан, зэс бүхий том эд илрүүлснээ Малайз, Австралийн албаныханд эхлээд дуулгасан ч тэд дорвитой хариу өгөөгүй гэнэ. Тиймээс Австралийн төв хэвлэл болон CNN агентлагт ханджээ. Тэрхүү аварга том эд байгаа газарт шумбагч робот оруулж, эрлийн ажлаа хамтатгахыг “GeoResonance” компани холбогдох албаныхнаас хүсэж байгаа аж. MH370 нислэгийн дугаартай “Боинг 777” онгоц Куала-Лумпур хотоос Бээжин орох замдаа алга болсон юм. Онгоцонд 239 хүн явсны 152 нь БНХАУ-ын иргэн байв. Онгоцыг алга болсноос гурван долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 24-нд албан ёсоор осолдсонд тооцсон. Зорьсон газартаа хоёрхон цагийн дотор хүрэх ёстой байсан онгоц юуны учир чиглэлээ өөрчлөн өмнөд зүгт олон мянган км ниссэн нь нууц хэвээр байна.