АНУ болон НАТО-гийн цэргүүд хилийнх нь ойролцоо олноороо буудаллаж, ихээхэн идэвхтэй байгаад зовниж буйгаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Америкийн Батлан хамгаалахын сайд Чак Хэйгелд илэрхийлжээ. Тэрбээр үүнийг өдөөн хатгалга хэмээгээд ОХУ Украиныг эзлэх бодолгүй байхад барууны орнууд дэндүү сүр бадруулж байна гэсэн байна. С.Шойгу Ч.Хэйгелтэй бүтэн цаг утсаар ярихдаа Украины хил орчимд байгаа орос цэргүүд байлдаанд бэлтгэхээ больсныг мөн дуулгажээ. Балтийн орнууд болон Польш улсын нутаг дэвсгэрт АНУ нийт 600 орчим цэрэг байрлуулаад байгаа. Харин НАТО-гийн мөн тооны цэргүүд Украины хилийн ойролцоо ажиглагчаар ажиллаж байгаа аж. АНУ болон Европын холбоо Оросын эсрэг хоригоо чангатгаж, тус улсын долоон иргэн, 17 компанийг В.Путиний “дотоод хүрээлэл”-д багт- даг хэмээн визийн хоригт нэмж хамруулсан байна. Европын холбоо өнөөдөр дахин 15 хүний нэрийг хоригт багтаахаа мэдээлсэн. Хоригт шинээр багтсан хүмүүсийн дунд Оросын газрын тосны тэргүүлэх компани “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин, Оросын парламентын доод танхим дахь Олон улсын харилцаа хариуцсан хорооны тэргүүн Алексей Пушков нар бичигджээ.