Урлагийн бүхий л төрлийн бүтээлд хараалын үг дурдахыг хориглох тухай хуулийн төслийг ОХУ- ын Төрийн Думийн доод танхим дэмжжээ. Кино, жүжиг, концерт, шоу зэрэгт хараалын үг хэрэглэх шаардлагатай бол уран бүтээлчид нь “муухай” үг тутамдаа торгууль төлөх гэнэ. Шинэ хууль энгийн иргэдэд ч гэсэн хамаатай. Олон нийтийн газар “хэл нь халтирсан” хэнийг ч 2500 рубль буюу 70 хүртэлх ам.доллараар торгох бол ийм “хэрэг” үйлдсэн төрийн албан хаагчдад үүнээс хоёр дахин их торгууль ногдуулах аж. Хуулийн төслийг одоо Думийн дээд танхимд хэлэлцэх бөгөөд тэнд тусгай мэргэжилтнүүдийн баг ямар үгийг хэд хэлбэл хууль зөрчсөнд тооцохыг шийдэх гэнэ. Дараа нь Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар уг хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжих төлөвтэй байна.