АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Азийн дөрвөн улсад хийх найм хоногийн айлчлал өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн айлчлалаараа Цагаан ордны тэргүүн улс төрийн ямар нэг чухал мэдэгдэл хийхээсээ илүүтэй тус бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт зэрэгт Америк улс онцгой нөлөөтэй гэдгийг харуулахыг зорьж байна.
Өнгөрсөн аравдугаар сард болох байсан ч Америкийн төрийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотойгоор хойшлогдсон уг айлчлалын хөтөлбөрт БНХАУ-ыг эс тооцвол Зүүн болон Зүүн өмнөд Азийн бүх л тэргүүлэх хүчин болох Япон, БНСУ, Малайз, Филиппин улс багтаж байна. Нэг талаар, эдгээр улсад хийж гүйцэтгэх ажил Б.Обамад их бий.
Японтой худалдааны гэрээ байгуулах, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гынь Хе нарын хооронд үүсээд буй эв түнжингүй байдлыг эерүүлэх, хүн амынх нь олонхийг исламын шашинтнууд эзэлдэг Малайзын итгэлийг олох, Филиппиний Ерөнхийлөгч III Бенигно Акиног гадаад бодлогынхоо түнш болгох нь түүний зорилго. Гэхдээ нөгөө талаар, эдийн засаг болоод нийгмийн хувьд дэлхийн хамгийн “эрчтэй” бүс нутаг болоод байгаа Зүүн болон Зүүн өмнөд Азид Хятадын хүч, нөлөөтэй эн зэрэгцэн өрсөлдөж, дипломат харилцааг тэнцвэржүүлнэ гэдэг америкчуудын хийж чадах ажил нэгэнт биш болжээ.
Айлчлалтай холбогдуулан АНУ-ын Төрийн департаментаас гаргасан мэдэгдэлд Б.Обамаг Ази дахь Америкийн аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаална, Умард Солонгосын цөмийн хөтөлбөр, хөрш орнуудтайгаа үүсгэсэн БНХАУ-ын газар нутгийн маргаан зэрэгтэй холбогдуулж, энэ бүс нутагт олон улсын хууль тогтоомж нэн чухал болохыг сануулна гэжээ. Гэхдээ Олон улсын энхтайвны төлөөх Карнегийн сангийн Азийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Дуглас Паалын хэлснээр Сирийн хямрал хэрхэн даамжирч, тус улсын эрх баригчид ард иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласныг харсаар байж гараа хумхин суусны хувьд Б.Обама хууль дүрэм, олон улсын эрх зүйн талаар азиудад “номлох” нь зохисгүй юм. Сирийн асуудалд Цагаан ордон шийдэмгий бус байсанд Азийн эрх баригчдын олонх нь урам хугарсан тухай эх сурвалжууд мэдээлсэн нь олонтаа. Дэлхийн бусад бүс нутгийн эрх баригчидтай харьцуулахад Азийн орнууд, тэр дундаа Зүүн Азийн эрх баригчид олон улсын дипломат харилцаанд АНУ-ыг илүү давамгай байр суурьтай байгаасай гэж хүсдэгтэй энэ нь нэг талаар холбоотой юм.
Мөн Хятад улс хүчирхэгжсэнтэй үүнийг холбон тайлбарладаг бөгөөд дээрх дөрвөн орны эрх баригчид агаарын бүсэд ч, далай тэнгист ч ноёрхох бодлого баримтлах болсон Хятадын эсрэг зогсоход Америкийг хамгийн хэрэгтэй түншээ гэж үзэх болжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хятадын баталсан агаарын хилийн шинэ бүс Япон, Өмнөд Солонгос төдийгүй Тайваний хилийн зурвасыг давсан бол Өмнөд Хятадын тэнгист шинээр тогтоосон Хятадын усан хилээс болж Малайз, Филиппин улс Бээжинтэй мөн л зөрчилдөх болсон. Эдгээр үйл явдал тус бүс нутагт нөлөөллөө бэхжүүлэх боломжийг АНУ-д олгожээ. Зүүн азиуд арав хүрэхгүй жилийн өмнө америкчуудыг дээрэнгүй гэж бодож байсан бол одоо хятадуудаас сүрдэх болж. Гэвч америкчууд энэ боломжийг ашиглаж чадаагүйн дээр Хятадтай сөргөлдөхөөс улам бүр зайлсхийх болсон юм. Тиймээс ч Б.Обама энэ удаагийн айлчлалаараа Цагаан ордны албан мэдэгдэлд дурдсан шиг Хятад, Умард Солонгостой холбоотой байр сууриа илэрхийлэхээс илүүтэй Транс-Номхон далайн хамтын ажиллагааны гэрээний талаар Японы эрх баригчидтай зөвшилцөхийг илүүд үзэх нь дамжиггүй.
АНУ Өмнөд Солонгостой чөлөөт худалдааны гэрээ байгуулаад удаж буй бол Японтой автомашин болон малын гаралтай бүтээгдэхүүний татварын асуудлаар хараахан санал нэгдээгүй байгаа. Айлчлалынхаа үеэр Б.Обама япончуудтай хэл амаа ололцож чадвал Транс-Номхон далайн худалдааны гэрээнд Япон улс нэгдээд зогсохгүй бүс нутгийн 10 орныг энэ гэрээнд нэмж элсүүлэх үүд нээгдэх юм. Чөлөөт худалдааны энэхүү гэрээг Азийн орнуудтай үзэглэснээр АНУ-ын эдийн засаг одоогийнхоос дор хаяж 15 хувиар өсөх тооцоо гарчээ.
Г.ЛХАГВА