БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гынь Хе өнгөрсөн долоо хоногт живсэн “Севол” хөлгийн ахмад болон багийн бусад гишүүнийг ажлын хариуцлага алдсан хэмээн буруутгаад зорчигчдын амийг аварч чадаагүй нь санаатайгаар үйлдсэн хүн амины хэргээс ялгаагүй гэжээ. Амь үрэгдсэн хүний тоо албан ёсоор 64-т хүрсэн бол 238 хүн сураггүй байна. Хөлөг онгоцонд нийт 476 хүн явсан бөгөөд 339 нь Сөүлийн дунд сургуулийн сурагч, багш нар байсан юм.
Өмнөд Солонгосын албаныхан ослын үеэр хөлгийн багийн гишүүн болон хяналтын төв хооронд болсон яриаг өнгөрсөн амралтын өдөр дэлгэжээ. Бичлэгт хөлгийн багийн гишүүд барьц алдан сандарч, зорчигчдыг хэрхэн аврахаа мэдэхгүй байсан нь илэрхий байгаа аж. Зорчигчдыг хөлгөөс гаргахыг хяналтын төвөөс зөвлөсөн байхад хөлгийн багийнхан шийдвэр гаргаж чадалгүй хугацаа алдсан нь тогтоогдсон байна.
Зорчигчид ус руу үсэрвэл осгох вий гэж айсандаа хугацаа алдсан хэмээн хөлгийн ахмад Ли Жүн Сок хэргээ хүлээжээ. Түүнийг хоёр туслахынх нь хамт баривчилсан бөгөөд хууль хяналтынхан хөлгийн өөр дөрвөн гишүүнийг зорчигчдоо хамгаалж чадаагүй хэмээн өчигдөр саатуулсан байна.