ОХУ-ын Төрийн Думийн доод танхим БНАСАУ-ын тус улсад төлөх ёстой 10 тэрбум ам.долларын 90 хувийг хүчингүйд тооцож, цайруулжээ. Энэ нь БНСУ-д хүрэх байгалийн хийн шинэ дамжуулах хоолойгоо оросууд Умард Солонгосын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх гэж буйтай холбоотой бололтой.
Оросын эрх баригчид өмнө нь Зөвлөлтийн үеийн холбоотон орнуудынхаа өрийн нэлээд хэсгийг хүчнг үй болгох юм уу тэглэж байсан. Харин Украины хямралаас болж олон улсын тавцанд ганцаардаж эхэлсэн Орос улс чухам ийм үед Хойд Солонгосын өрийг хүчингүй болгосон нь эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
ОХУ-ын Сангийн сайдын нэгдүгээр орлогч Сергей Сторчакийн хэлснээр Хойд Солонгосын тал өрийн үлдэгдэл болох 1.09 тэрбум ам.долларыг зургаан сар тутамд бага багаар төлсөөр 20 жилийн дотор барагдуулах ёстой аж. Харин тэр мөнгийг төмөр зам, байгалийн хийн олборлолт зэрэг аль болох Хойд Солонгост ашиг тусаа өгөх хоёр орны хамтран ажиллаж буй салбаруудад зарцуулах гэнэ. Хойд Солонгосын өрийг хүчингүй болгосон мэдээг Оросын албаныхан Өмнөд Солонгос руу тавих байгалийн хийн хоолойтой холбож ямар нэг тайлбар хийгээгүй ч тус улсын байгалийн хийн тэргүүлэх үйлдвэрлэгч “Газпром” компани саяхан энэ тухай мэдээлэл хийж байв.
Тус компанийн тооцоолсноор Умардын нутгийг дайран Өмнөд Солонгост хүрэх байгалийн хийн шинэ хоолойгоор жилд дунджаар 10 тэрбум шоо метр хий дамжуулах боломжтой аж. Барууны орнуудын баталсан эдийн засгийн хоригоос болж багаг үй хохирол амсаад байгаа Орос улс Азийн орнууд руу байгалийн хийгээ нийлүүлэхэд өмнөхөөсөө илүү анхаарах болсон. Эх сурвалжийн мэдээлснээр тус улс бараг 10 жил Хятадын эрх баригчидтай хэлэлцсэний эцэст энэ тавдугаар сард байгалийн хийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулахаар зэхэж байна.
Г.ДУЛАМ