Киевийн эрх баригчид “алан хядахын эсрэг ажиллагаа” явуулж байх явцдаа Оросын радио, телевизийн компанийн (ВГРТК) сэтгүүлчдийг Харьков хотод баривчилсан байна. Украины цэргүүд төвлөрөөд байгаа Изюм хот руу орох гэхэд нь сэтгүүлчдийг саатуулсан аж. Тэд оройн 18.37 цагт “Биднийг саатууллаа” гэсэн мессеж илгээсэн гэнэ. Үүнээс нэлээд хожуу сэтгүүлчидтэй холбогдсон бөгөөд “бүх зүйл хэвийн” гэсэн хариу өгөөд холбоо тасарчээ. Энэ үйл явдлын талаар Киев дэх Оросын ЭСЯ, Харьковт байгаа Консулын газар мэдээлэл авсан байна.
Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дээд Радын дарга Александр Турчинов Дотоодын цэргийн командлагч, генерал Степан Полтаракийг огцруулжээ. Түүнийг Украины Үндэсний гвардийн удирдагчаар томилуулахаар Ерөнхийлөгч Турчинов гуравдугаар сарын 19-нд нэрийг нь дэвшүүлсэн бөгөөд Парламентын гишүүдийн 235 нь дэмжсэн санал өгсөн байна. Степан Полтарак 1983 оноос цэргийн алба хааж буй юм. Түүнийг Украины ДЯЯ-ны Харьков хотын Дотоодын цэргийн академийг удирдаж байхад нь Турчинов хоёрдугаар сарын 28-нд Дотоодын цэргийн командлагчаар томилсон байна.
Үндэсний гварди байгуулах тухай хуулийг Украины Дээд Рада өнгөрсөн сарын 13-нд баталжээ. Цэргийн энэ шинэ салбар 60 мянга хүртэл хүнтэй байх бөгөөд ДЯЯ-нд харьяалагдана. Улсын аюулгүй байдлыг хангах, хил хамгаалах болон цэргийн зэвсэглэсэн бүлэглэл, гэмт хэрэг үйлдэгч байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоох үүрэгтэй байх аж.
Р.ЖАРГАЛАНТ