Бразилийн хууль, хяналтын албаныхан ирэх зургаа, долдугаар сард болох хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр аюулгүй байдлыг сахиулах албан хаагчдын ердөө 20 хувийг бэлтгээд байгаа тухай BBC агентлаг мэдээллээ. Тус улсын албаныхан энэхүү мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд шаардлага гарвал цэрэг, цагдаагийнхныг хамгаалалтад гаргана гэжээ.
Харин FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо хувийн хамгаалалтын албадаас 25 мянган ажилтан ажиллуулах хүсэлтэй байгаа юм. Энэ дагуу тэмцээний зохион байгуулагчид үлдсэн 40 хүрэхгүй хоногт 20 мянга гаруй хамгаалагч бэлтгэх хэрэгтэй болж байна. Тэмцээний бэлтгэл ажил хангалтгүй байгаа талаар FIFA Бразилийн талд гомдол гаргасан анхны тохиолдол энэ биш юм.
Тамирчид байрлах хотхон, цэнгэлдэх хүрээлэнгүүдийн барилгын ажил удаан явагдаж байгааг тус холбоо өнгөрсөн долоо хоногт шүүмжилсэн. Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт ирэх зургадугаар сарын 12-нд Бразилийн хамгийн том хот Сан-Паулуд болно.