Зэвсэг барин нэгдэж, засаг захиргааны байруудыг эзлэн, зүүн Украиныг ОХУ-д нэгтгэхийг шаардаж байгаа тэмцэгчдийн эсрэг Украины эрх баригчид цэрэг илгээлээ. Цэргүүд эхлээд Донецк мужийн Караматорск хотын төвд нэвтэрсэн бөгөөд Оросыг дэмжигчид тэдний замыг хааж, машины дугуй болон төмрийн элдэв хаягдлаар хаалт босгожээ. Тэмцэгчид зүүн Украины арав гаруй хотыг эрхэндээ оруулаад байгаа. Тус улсын төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэгч Александр Турчинов тэдгээр хотын засаг захиргааны байруудыг чөл өөл өхийн тулд л цэрэг илгээсэн, салан тусгаарлагчдын эсрэг хүч хэрэглэхг үй байхыг хичээнэ гэжээ. Хэдийгээр талуудын зөрчил хараахан зэр зэвсэгтээ тулаагүй байгаа ч Киевийн эрх баригчдын “Терроризмын эсрэг” хэмээн тодотгосон энэхүү цэргийн ажиллагаа хямралыг улам даамжруулах нь тодорхой болов.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зөрчилтэй байгаа бүс нутагт цэрэг оруулахыг эсэргүүцэж, тус улсыг иргэний дайны ирмэгт туллаа хэмээн анхааруулаад ч Киевийн шийдвэрийг буцааж чадсангүй. Тэрбээр Германы Канцлер Ангела Меркельтэй утсаар ярьж, Украины асуудлыг эвээр шийдвэрлэхэд туслахыг хүссэн байна. В.Путин, А.Меркель нар АНУ, ОХУ, Европын холбоо болон Украины албаныхан оролцох дөрвөн талт хэлэлцээг яаралтай зохион байгуулахаар санал нэгджээ. Харин АНУ А.Турчиновын шийдвэрийг Украины ард иргэдийг хамгаалахын тулд гаргасан зайлшгүй алхам хэмээн дэмжжээ. Оросыг дэмжигчид болон нутгийн орос иргэдийн өөдөөс Украины Зэвсэгт хүчин буу шагайвал оросууд зүүн Украин руу мөн цэрэг оруулах уу гэдэг нь олон улсыг түгшээж буй гол асуудал болов.
Кремлийн эрх баригчид Украин дахь орос иргэдийг ямар ч тохиолдолд хамгаалахаа, Украиныг холбооны засаглалтай болгож, НАТО-д элсүүлэхгүй гэдгээ ил тод илэрхийлсээр байгаа. Хүссэнээ авахын тулд багагүй золиос гаргаж, олон улстай таагүй харилцаатай болно гэдгээ ч ойлгож буй. Гэхдээ нөхцөл байдал хурцадвал Украин руу цэрэг оруулахаас буцахгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Тэр үед Европын холбоо, НАТО, АНУ асуудалд хөндлөнгөөс оролцож чадахгүй, оролцсон ч байдлыг бүр ч дордуулна. Тиймээс нөхцөл байдал хурцдахаас өмнө хямралыг яриа хэлэлцээгээр шийдэж, бүх Украин даяар санал асуулга явуулж болох юм. Тэгэхийн тулд эхлээд Орос, Америкийн эрх баригчид ямар нэгэн тохиролцоонд хүрэх ёстой гэж олонх ажиглагч үзэж байна.
Г.ЛХАГВА