Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Оросын зохиолч А.Вампиловын “Хэрээт төгөл” зохиолыг жүжиг болгон УДЭТ-ын тайзнаа толилуулж байгаа. Тус жүжгийн Аннагийн дүрийг бүтээсэн гавьяат жүжигчин Г.Урнаатай ярилцлаа. Дуурийн дуучин аав, балетийн жүжигчин ээжийн охин болж төрсөн тэрбээр сонгодог урлагаар хүмүүжсэн аж.
Аав, ээжийгээ дагаад дуурийн театрын бүхий л тоглолтыг алгасалгүй үздэг байсан тэрбээр багадаа балетчин болохыг хүсдэг байсан ч харамсалтай нь шалгалт өгөөд тэнцээгүй гэдэг. Харин түүнийг жүжигчний мэргэжил сонгоход аав нь тусалжээ. Тэрбээр нөхөртэйгөө хамт дуурийн театрт толилуулж буй шинэ уран бүтээлийг алгасалгүй үздэг гэсэн.
-Та хоорондоо адилгүй, янз бүрийн дүр бүтээдэг ч “Хэрээт төгөл”-ийн Анна их өвөрмөц дүр юм.
-УДЭТ-ын санаачилсан “Камерын жүжиг” төслийн салхийг “Хэрээт төгөл”-өөр хагаллаа. Энэ жүжигт ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчтай хамтран ажилласандаа туйлын баяртай байгаа. Б.Мөнхдорж найруулагч манай театрын түүхэнд их үүрэг гүйцэтгэсэн. Театрын түүхийг өндөр барилгатай зүйрлэвэл нэлээд давхрыг нь барьсан гавьяатай хүн.
-Жүжигчин хүн үргэлж дүрээсээ суралцдаг. Аннагаас та юу сурав.
-Жүжигчдийг хүн судлаач гэдэг. Би хүний мөн чанар, сайн, муу араншинг харуулсан дүрд тоглох илүү дуртай. Амьдралд илүү ойр байдаг учраас суралцах зүйл их. Зовох цагт хүний мөн чанар хэрхэн өөрчлөгддөгийг Аннагаас харж болно. Хэрвээ надад ийм явдал тохиолдвол ингэж л болохгүй юм шүү гэхчилэн олон зүйл сурч байна.
-Бүтээж байгаа дүрийнхээ сэтгэлзүйтэй хувь хүний тань үзэл бодол, араншин зөрчилдөх тохиолдол байдаг уу?
-Байна аа. Гэхдээ би жүжигчин учраас ямар ч дүрийг бүтээх үүрэгтэй. Би шударга хүн болохоор зальтай, луйварчны дүрд тоглож чадахгүй гэх эрхгүй. Ингэх нь ч утгагүй. Зохиолчийн бичсэн дүр, түүнийг үзэгчдэд хүргэх найруулагчийн санаа, жүжигчний төсөөлөл дундаас дүр амилдаг. Хүнд сайн, муу бүх зан чанар байгалиас заяасан байдаг. Тухайн хүн ямар зангаа илүү хөгжүүлснээс хэн болох нь тодорхойлогдоно. Харахад нүүрэмгий мэт боловч тэр хүний дотор ичимхий зан нуугдаж л байдаг. Тиймээс надад ийм зан чанар байхгүй гэж би хэлэхгүй. Ямар ч араншинтай хүний дүр бүтээсэн өөрт байгаа нуугдмал зан чанараа хөгжүүлж, бусад хүнийг харж судалгаа хийдэг.
-Та Үнсгэлжингийн дүрд олон жил тоглосон. Анх тоглосон, арван жилийн дараа тоглох хоёрт ялгаа бий юү. Дүрээсээ олон насаар зөрүүтэй болсон шүү дээ.
-Зохиолыг нь анх уншихад Үнсгэлжингийн дүр ийм байх юм байна гэсэн төсөөлөл буудаг. Миний төсөөлсөн дүрийг найруулагч энэ нь зөв, буруу гэж засна. Үнсгэлжингийн дүрийг анх тоглоход зүс царай, хоолойны өнгө, үг хэллэг, үйл хөдлөл ямар байсан, хэчнээн ч жил өнгөрсөн тэр хэвээр нь тоглох шаардлагатай. Насны ялгаа аль болох гаргахгүй байх хэрэгтэй. Олон удаа тоглохоор ямар үгийг яаж хэлэх, хэд алхаад эргэж харах гэхчилэн бүх зүйлээ мэддэг болчихдог.
-Жульетта, Дездемон, Үнсгэлжин гээд эмэгтэй жүжигчин бүрийн бүтээхийг хүсдэг дүрд та тогложээ. Гэхдээ жүжигчин хүн хүссэн дүрээ бүтээсэн гээд гараа хумхиад суудаггүй. Одоо ямар дүрд тоглохыг хүсэж байна вэ?
-Би сонгодог олон дүрд тоглосон азтай эмэгтэй. Хэрвээ арван жилийн өмнө ингэж асуусан бол “Антигона”- д тоглож, шударга, дайчин эмэгтэйн дүр бүтээхийг хүсэж байна гэж хэлэх байлаа. Антигона бүсгүйн дүрд үнэхээр тоглохыг хүссэн учраас өөрөө найруулж, 2005 онд тоглосон. Харин одоо сайхан ээжийн дүрд тоглохыг хүсэж байна. Нас ахиж байгаа болохоор тэр юм болов уу. Гэхдээ “Хувьсал” продакшны “Ээж ээ” жүжгээс эхлээд эхийн олон сайхан дүрд тоглосон. Жүжигчин хүн найруулагч дүр өгөхийг хүлээгээд зүгээр сууж болохгүй. Удахгүй нэг шинэ бүтээл бие дааж хийхээр ярилцаж байгаа.
-Магадгүй Антигонагийн дүр тантай их төстэй болохоор бүтээхийг хүссэн байх.
-Тийм ээ. Энэ жүжгийг Буриадын нэг найруулагч надад санал болгосон юм. Аливаа зүйлийг яг байгаагаар нь хэлдэг, хүнд долигонох зан мэдэхгүй, шударга, үнэнч байхыг эрмэлздэг чанар нь надтай төстэй юм болов уу гэж боддог. Оюутан байхад багш “Чи хэзээ ч, хэнд ч хий хоосон худалдагдаж болохгүй” гэж хэлдэг байсан. Энэ нь хүнд долигонож болохгүй гэсэн үг. Хэн нэгэнд долигоноод худлаа ярихад тэр хүн чамайг эргүүлээд эвгүй байдалд оруулдаг. Хүмүүс намайг юу гээд хэлчих бол гэж санаа зовохгүй хүссэнээрээ амьдрах шиг эрх чөлөө үгүй. “Антигона” жүжгийн дууны үгийг би захиалж бичүүлсэн. “Хар цагаан атаа жөтөө дүүрэн хорвоод би, Харц дээгүүр омог бардам удаан амьдармаар байна...” гэсэн үгтэй. Энэ бол миний үг. Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг дуулсан шүү дээ.
-Бүтээхийг хүссэн ч бүтээж чадахгүй дүр танд байдаг уу?
-Байхгүй ээ. Жүжигчний мэргэжил эзэмшсэн л бол ямар ч дүрд тоглоно. Тэр ч бүү хэл, нэг жүжигт хоёр, гурван дүрд тоглох тохиолдол бий. “Парисын Дарь эхийн сүм”-д би гуйлгачин эмэгтэй, хатан хоёрын дүр бүтээсэн бол “Хунгийн дуу”-д янхан, багш, ядарсан аймхай хулчгар хүний дүрд тоглосон. Магадгүй чадахгүй гэдгээс илүү тохирохгүй дүр гэж байж болох юм.
"Хэрээт төгөл" жүжгийн Аннагийн дүрд
-Манай зарим найруулагч жүжигчинд нэгэн хэвийн дүр өгөөд байдаг юм шиг санагддаг. Уг нь найруулагч жүжигчнийг олон дүрд сорих хэрэгтэй биз дээ. Үүнтэй та санал нийлэх үү?
-Сайн мэдэхгүй юм аа. Найруулагч дүр хуваарилна гэхээс илүү жүжигчин ур чадвараа найруулагчид харуулах хэрэгтэй. Манай театрт хувийн үзүүлбэрийн уралдаанаас эхлээд найруулагчид ур чадвараа харуулах боломж жүжигчдэд зөндөө бий. Жүжигчин л өөрийгөө олон талаас нь нээж харуулахгүй бол найруулагч хүний юу хийж чадахыг тэр бүр олж харахгүй. Би ээж, охин, хатан, шулам эмгэн, биеэ үнэлэгч, гуйлгачин гээд олон янзын дүрд тоглосон болохоор найруулагчид намайг олон талаас нь хардаг юм болов уу. Дандаа ээжийн дүр ногдсон ч түүнийг олон янзаар харуулах нь жүжигчний ур чадвар. Сэтгэл хөдлөл ихтэй хүн олон дүрд хувирч чаддаг. Жүжигчний шалгаруулалтын үеэр тухайн хүний сэтгэлийн хөөрлийг бас хардаг юм.
-Амьдралд боломжгүй зүйл гэж байдаггүй. Тиймээс “Боломжгүй гэдэг үг тэнэгийн толгойд л байдаг” гэж нэгэн алдартай хүн хэлсэн. Та боломжийг хэр ашигладаг хүн бэ?
-Боломж байгааг харсаар байж ашиглахгүй бол тэнэг эсвэл залхуу хүн болно. Хүн үргэлж боломж хайж байх хэрэгтэй. Завгүй, чадахгүй гээд өмнөх ажилдаа дөнгөлүүлчихээд сууж болохгүй. Миний амьдралд олдож байгаа нэг цагийн зав ч боломж. Тэр боломжийг ашиглаж би охинтойгоо хамт хоол идэх ч юм уу, юу ч хийж болно. Энэ завгүй амьдралын дунд өөрөө өөртөө л боломж бий болгох хэрэгтэй.
-Таны шүтдэг жүжигчин хэн бэ?
-ОХУ-д сурч байсан болохоор ч тэр үү Оросын жүжигчдэд хайртай. Мөн Мэл Гибсоны фэн. Түүнийг зурагтаар гарч байвал “Энэ миний хайртай жүжигчин” гэж хүмүүст хэлмээр санагддаг.
-Та театрынхаа Уран бүтээлийн ангийн дарга байх аа. Их завгүй, хариуцлагатай ажил юм шиг санагддаг.
-Манай театрын Уран бүтээлийн ангийн даргаар ардын жүжигчин Г.Мягмарнаран, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин З.Жарантав гээд мундаг хүмүүс ажиллаж байсан. Энэ ажлыг аваад гурван жил боллоо. Нэг үгээр хэлбэл, уран бүтээлчдийнхээ боол нь. Театрын удирдлага, уран бүтээлчдийг холбодог гүүр болж, нэг жил, таван жилийн төлөвлөгөө гаргаж, хэнд чөлөө өгөх, өгөхгүйг шийдэж, хэн нэгэн нь өвчин зовлонтой бол хамт олноо зохион байгуулж туслах гээд бүхий л зүйлийг зохицуулдаг. Тиймээс бусад хүнийг бодвол уран бүтээлчидтэйгээ ойр ажилладаг.
-Энэ албыг хашихын зэрэгцээ уран бүтээлээ туурвиж, бас Кино урлагийн дээд сургуульд багшилдаг биз дээ.
-Жагаа бид хоёр хамт ажилладаг. Одооны оюутнууд их залхуу болжээ. Нийгэм хөгжиж залуучуудын анхаарлыг татах зүйл их болоод ч тэр юм уу. Долоо хоногт хоёр удаа хичээл ороход ирдэггүй хүүхэд олон байна. Тэгсэн хэрнээ жүжигчин болно гээд том мөрөөдөөд явдаг. Жүжигчний мэргэжлийн мөн чанарыг сайн ойлгохгүй хэрнээ сонгочихдог юм шиг байгаа юм. Авьяас, сонирхол хоёр нэгдэж сайн жүжигчин болдог. Би Орост оюутан байхдаа долоо хоногийн зургаан өдөр өглөөнөөс орой хүртэл хичээлд суудаг байлаа. Хичээлийн хажуугаар цаг гарвал номын санд очиж жүжгийн зохиол уншина. Орой болохоор театрт жүжиг үздэг байсан. Жүжигчин байх амарг үй болохоор мэргэжлээрээ ажилладаг нь цөөн. Манай анги 30 гаруй хүүхэдтэй байсан хэрнээ одоо гурав нь л мэргэжлээрээ ажиллаж байна. Жагаа бид хоёроос гадна нэг хүн бий. Бусад нь урлагийг ойлгодог, урлагт хайртай хүн болж төгссөн.
-Та “Би жинхэнэ хайраа олсон аз жаргалтай эмэгтэй. Нөхөртэйгөө ханилснаар амьдралын жинхэнэ аз жаргалыг мэдэрч байна” гэж хэлсэн. Таны бодлоор жинхэнэ хайр, амьдралын аз жаргал юун дээр тогтдог юм бол?
-Хамгийн чухал нь эхнэр, нөхөр хоёр бие биедээ чин сэтгэлээсээ хайртай байж жинхэнэ аз жаргалтай амьдралыг бий болгодог. Жинхэнэ хайрт цензур байдаггүй. Хайргүй хүнтэйгээ хамт амьдарвал там биз дээ. Эцэг, эхийнхээ хүсэлтээр ч юм уу эсвэл мөнгөнөөс болж, нэг их хайртай биш хэрнээ үерхэж байгаад хүүхэдтэй болж, хамт амьдрахаас өөр аргагүй болоод гэрлэсэн хүн олон байдаг. Хэрвээ ийм байдлаар гэр бүл зохиовол хэзээ ч аз жаргалтай амьдрахгүй. Жинхэнэ хайртайгаа учирсан хүнд амьдралд тохиолдох багахан зовлон асуудал биш юм шиг санагддаг. Жагаа бид хоёрын хүсэл мөрөөдөл, сонирхол, мэргэжил нэг болохоор санал зөрөлдөх зүйл бараг байдаггүй. Театр хаалгаа барих шахсан үед ч бид хоёр эндээ л байсан. Амьдрал хангалуун байсан уу гэвэл үгүй. Гэсэн ч бидний урлагийг хайрлах сэтгэл, хүсэл мөрөөдөл нэг нэгнийгээ түшиж тулж ирсэн. Хайр бол амталж ханашгүй амттан. Аз жаргалтай амьдралыг бий болгох эхлэл нь бие биедээ үзэл бодлоо чөлөөтэй хэлдэг байх. Нэг нэгнээсээ хувийн асуудлаа нууж эхэлбэл хайранд сэв суудаг. Цахим ертөнц хөгжсөнөөр хүм үүс хоорондын амьд харилцаа үгүй болж байна. Эхнэр, нөхөр хоёулхнаа гэртээ байгаа хэрнээ бие биетэйгээ ярилцахгүй нэг нь утсаа, нөгөөх нь компьютер ширтээд суудаг болсон нь харамсалтай.
П.ТУНГАЛАГ