БНХАУ-ын хойд нутгуудад 2.4 сая хүн ундны усны гачигдалд ороод байна гэж “Синьхуа” агентлагаас өчигдөр мэдээллээ. Өнгөрсөн пүрэв гаригт тус улсын Ланжоу хотод нэг литр ундны уснаас 118 микрограмм бензол илэрсэн нь хүмүүсийг багагүй сандаргаж, хорт бодисын хэмжээ нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд тогтоогоод байна. Хорт бодис нэг литр усанд 200 микрограмм болтлоо шингэсэн байв. Шалтгаан нь тус хотод үйл ажиллагаа явуулдаг “Хятадын үндэсний керосин үйлдвэрлэгч корпорац”-ын дамжуулах хоолойд эвдрэл гарсантай холбоотой гэж эх сурвалжууд үзэж байгаа гэнэ.
Дамжуулах хоолой цоорсноос их хэмжээний бензол ундны усны шугамаар урсаж эхэлжээ. Аз болоход хүний амь эрсдээгүй ч олон хүн өнөөдрийг хүртэл ус хэрэглэж чадахгүй байгаа төдийгүй тэндхийн дэлгүүрт зарж байсан цэвэр ус хэдийнэ дууссан аж. Ланжоу хот БНХАУ-ын аж үйлдвэрийн томоохон бүс бөгөөд химийн үйлдвэр олонтой. Тиймээс эндхийн байгаль орчин ихээхэн бохирдолтой байдаг юм байна. Ундны уснаас илэрсэн бензолыг хуванцарын үйлдвэрт уусгагч болгон ашигладаг төдийгүй энэ нь хүний амьсгалыг боогдуулж, төв мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг. Санамсаргүй хэрэглэвэл дотор муухайрах, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Их хэмжээгээр уувал амь насанд ч халтай гэнэ.
Г.АРИУНЦАЦРАЛ