Ирэх сарын 25-нд хийхээр төлөвлөсөн Украины Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд зориулж АНУ 11.4 сая долларын тусламж үзүүлэхээр болсон байна. Энэ мөнгийг Украины болон олон улсын ажиглагчдыг дэмжих, санал хураах үйл явцыг боловсронгуй болгох, сонгогчдыг шаардлагатай мэдээллээр хангахад зориулах аж. Түүнээс гадна эдийн засгийн өөрчлөлт хийхэд нь Украины Засгийн газарт бас тусламж өгөх гэнэ. Түүнчлэн аюулгүй байдлаа хангахад нь дэмжлэг үзүүлэх юм байна. Мөн нэг тэрбум долларын зээл олгохоор болоод байгаа юм. Олон улсын хамтын нийгэмлэг ойрын хоёр жилд Украинд 27 тэрбум долларын тусламж үзүүлэх бөгөөд үүний 14-18 тэрбумыг нь ОУВС-гийн хөтөлбөрөөр дамжуулах юм байна.
Үндэс угсаагаар ялгаварлах үзлийг ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Украинд дэврээвэл аюултай хэмээн НҮБ анхааруулж байна. Украинд ажилласан НҮБ-ын ажиглагчдын илтгэлд ийн өгүүлсэн аж. Украины Парламент төрийн хэлний бодлогыг тодорхойлсон хуулийг хоёрдугаар сарын сүүлчээр батлахдаа орос болон үндэстний бусад цөөнхийн хэлийг бүс нутгийн чанартай, хүн амын 10 хувийн төрөлх хэл гэж заасан юм. Энэ хууль мөрдөгдөж эхлээгүй ч хэлний талаар шинэ хууль боловсруулах гэж яарахгүй байхыг НҮБ сануулжээ. “Улс орныг хуваагдуулах үйл явц гүнзгийрч байгааг зогсоож, нийгмийн амьдралд, тэр дундаа улс төрд бүхнийг тэгш оролцуулах нь чухал. Орос хүмүүс олноор байдаг Дорнод Украинд бидний эрх ашгийг төв Засгийн газар хайхрахгүй байх гэх үзэл бодол их байгааг мартаж болохгүй” хэмээн дээрх илтгэлд өгүүлсэн байна. Уг илтгэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүний эрхийн асуудал эрхэлсэн туслах Иван Шимонович бэлтгэжээ. Украинд байгаа оросууд руу халдаж довтолсон явдал ч гарч буйг тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр Киев, Харьков, Львов, Крымд очсон аж.
Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа депутат Олег Царевийг телевизийн шууд нэвтрүүлэгт орчихоод гарч ирэхэд нь зэвсэглэсэн бүлэг хүн зодсон гэх мэдээлэл тархлаа. Тэрбээр ямар ч нөхцөлд, амь насанд нь халдахаар заналхийлсэн ч сонгуульд оролцохоос татгалзахгүй хэмээн мэдэгдэж буй юм. Мөн эрх баригчид хийгээд тус улсын хүн ам үг хэлээ ололцож, тохиролцоонд хүрч, харилцан ойлголцох нь улс төрийн хямралыг эцэслэх, Украин улсыг бүрэн бүтэн авч үлдэх ганц гарц гэж тэр бас хэлжээ.
Олег Царев нь бие дааж нэрээ дэвшүүлсэн, 2002 оноос Парламентын депутатаар сонгогдож буй, фашизмыг эсэргүүцэгч, Украиныг холбооны улс байлгахыг дэмждэг хүн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийг намар, Төрийн байгууламжийг холбооных болгох, орос хэлд улсын статус олгох асуудлыг шийдсэний дараа хийх нь зөв гэж үздэг нэгэн аж. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцахдаа Украины одоогийн Засгийн газрын тогтвортой байдлыг алдагдуулахыг эрмэлзэгч, Орост талтай зэвсэглэсэн салан тусгаарлагчдад ОХУ дэмжлэг үзүүлж байна гэж мэдэгдсэн байна.
Сүүлийн үед болж буй үйл явдалд Украины Засгийн газар ер бусын тэвчээртэй хандлаа гэж Обама үзэж буй аж. Тэгээд Москва одоогийн баримталж буй бодлогоо үргэлжл үүлбэл Оросын эсрэг хориг арга хэмжээгээ чангална гэж заналхийлжээ. Тэгвэл Украинд хүч хэрэглэхг үй, цус урсгахгүй байхад нөлөөлөх бүх боломжоо ашиглахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Америкийн талд уриалав. Тэрбээр Донецк, Луганск, Харьков, Славянск болон Украины дорнод нутгийн бусад хотод эсэрг үүцэл тэмцэл өрнөсөн нь Киевийн удирдлага орос үндэстэн, орос хэлээр ярьдаг хүн амынхаа эрх ашгийг харгалзаж үзэх хүсэлгүй, чадваргүй болохынх нь нотолгоо гэж Путин тэмдэглэжээ.
Р.ЖАРГАЛАНТ