Украины зүүн хэсгийн томоохон хотуудад үймээн самуун дэгдээж, засаг захиргааны байруудыг эзлээд байгаа нутгийн оросууд болон ОХУ-ыг дэмжигчдийн эсрэг Киевийн шинэ эрх баригчид хүч хэрэглэхээ мэдэгдэв. Харин ОХУ энэ шийдвэрийг эсэргүүцэн НҮБ-д хандаж, Аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулжээ.
Тус улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Виталий Чуркин Киевийн эрх баригчдыг ард түмнийхээ эсрэг хүч хэрэглэхгүй байхыг анхааруулаад Украинд иргэний дайн дэгдэх нь хэнд ч ашиггүй гэсэн байна. Мөн Киевийн эрх баригчдад хэлэлцээ хийх санал тавьжээ. Украины төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэгч Александр Турчиновын босогчдод өгсөн хоёр хоногийн хугацаа өчигдөр дуусгавар болсон. Гэвч босогчид түүний зөвлөсний дагуу засаг захиргааны байруудыг чөлөөлөхгүй гэдгээ мэдэгдээд байна.
Харьков, Донецк, Луганскт эхлэн дэгдсэн Оросын талыг баримтлагчдын эсэргүүцэл тэмцэл өдгөө Славянск, Артёмовск, Краматорск, Енакиево, Мариуполь, Запорожье болон эдгээр хотын ойролцоох жижиг хот, суурингуудыг хүртэл хамарчээ. Эдгээр хотод дэгдсэн үймээн самуунд олон арван хүн бэртэж гэмтсэн бол Славянскт Украины нэг албан хаагч амь үрэгдсэн мэдээ байна. Бослогыг зохион байгуулсан хэмээн Украины тал Оросыг буруутгаж буй ч Москвагийн эрх баригчид үүнийг үгүйсгэсээр байгаа. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлж буйгаар Харьков, Донецк, Луганск зэрэг хотын жагсагчид дүрэмт хувцас, зэр зэвсгээр жигдэрсэн, заримдаа нэг автобусаар бөөн бөөнөөрөө явж байгаа нь ийм хардлага төрүүлж байгаа аж.
Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр тус байгууллагад суугаа Их Британийн төлөөлөгч Марк Ляалл Грант “Хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад Украины хилийн дагуу Оросын 35-40 мянган цэрэг байрлаж байна” гэсэн нь барууны орнуудын хардлагыг нэмжээ. Үүнээс үүдэн Украинд хандаж хэлсэн ОХУын үгийг барууны орнууд өөрсдөд нь давтан хэлж, хүч түрэмгийлэн Украинд халдахгүй байхыг, Крымд болсон үйл явдлыг давтахгүй байхыг анхааруулсан байна. Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Украины хямралын талаар санал солилцохоор өнөөдөр Люксембургт хуралдана.
Г.ЛХАГВА