ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй утсаар ярихдаа “Киев улс орныхоо зүүн өмнөд хэсэгт зэвсэг хэрэглэвэл түүнтэй хамтран ажиллах хэтийн төлөв, түүний дотор “дөрвийн” уулзалт тасрах болно” гэж мэдэгдлээ.
Украинд болж буй улс төрийн хямрал, түүний дотор зүүн өмнөд бүс нутагт нь өрнөж буй үйл явдал Киевийн эрх баригчид орос үндэстэн болон орос хэлээр яригч хүн амынхаа хууль ёсны хэрэгцээ, ашиг сонирхлыг хайхарч үзээгүйгээс үүдэлтэй гэдэгт тэрбээр Керригийн анхаарлыг хандуулав. Түүнээс гадна Украины зүүн өмнөд бүс нутагт Оросын нууц ажилтнууд үйл ажиллагаа явуулж байна гэх үг хэлийг Украины Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Андрей Дещица урьд нь өдөөсөн ч ганц ч баримт хэлж чадаагүй. “Хэрэв энэ асуудлаар Америкийн талд тодорхой мэдээлэл байвал бид түүнийг нягтлахад бэлэн” гэж Сергей Лавров хэлсэн байна.
Зүүн өмнөд нутагт өрнөж буй үйл явдлыг Украины үндэсний аюулгүй байдлын болон Батлан хамгаалахын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцжээ. Хуралдааныг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов удирдсан байна. Харин ямар шийдвэр гаргасан талаарх мэдээлэл алга. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден энэ сарын 22-нд Украинд очиж дээрх асуудал болон төвлөрлийг сааруулах, Үндсэн хуулийн өөрчлөлт хийх, эрчим хүчний хувьд бусдаас хамааралгүй болох зэрэг асуудлыг эрх баригчидтай нь ярилцахаар төлөвлөж байна.
Р.ЖАРГАЛАНТ