Украины хямралаас үүдэн олон улсын эдийн засгийн хоригийн хохирогчоор тодроод байгаа ОХУ Ирантай 20 тэрбум ам.долларын худалдааны гэрээ байгуулахаар болжээ. Тус улс Иранд их хэмжээний газрын тос, зэр зэвсэг нийлүүлж, оронд нь өргөн хэрэглээний бараа авах гэнэ. Энэ талаар “Ройтер” агентлагт мэдээлсэн Ираны нэрээ нууцалсан нэгэн албаны хүний хэлснээр Тегераны эрх баригчид Оросоос “С- 300” пуужингийн систем хүртэл авах талаар ярилцсан байна. Энэ нь барууны орнуудын, тэр тусмаа АНУ-ын эрх баригчдын “хар дарсан зүүд” биеллээ олж буй хэрэг юм. АНУ, Европын холбооны эрх баригчид эдийн засгийн шахалт үзүүлэн байж Ираны албаныхныг цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээнд оруулсан билээ. Одоогоор урт хугацааны тохиролцоонд хүрээгүй ч Иран улс уран баяжуулахаа хязгаарлаж, хариуд нь барууны орнуудаас олон сая ам.доллар хүртэхээр болоод байгаа.
Харин Орос, Ираны худалдаа зэр зэвсэгтээ хүрвэл барууны орнууд Иранд шахалт үзүүлж чадахаа болино. Иранчууд бүр цөмийн хөтөлбөрийнхөө талаар олон улстай хэлэлцэх ч шаардлагагүй болж мэдэх юм. “Цөмийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээг дэмжиж буй ч энэ хөтөлбөрөөс хэзээ ч татгалзахгүй” хэмээн энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн Ираны Дээд удирдагч Али Хаменеигийн үг ч Оростой хийсэн тохиролцоотой нь холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Иран улс уур амьсгалыг зөөллөхийн тулд л олон улстай зөвшилцөхийг зөвшөөрсөн гэж тэрбээр ярьсан юм. Ирантай дотно байх нь эрсдэлтэй гэдгийг Владимир Путин мэдэж байгаа. Тэрбээр АНУ болон Европын орнуудад маш их уурссан тохиолдолд л Иранд “С-300” системийг худалдана гэж ажиглагчид таамаглаж байна. “С-300” нь Оросын агаарын хүчний урдаа барьдаг хамгаалалтын систем бөгөөд пуужин илрүүлэгч, харвагч, эсэргүүцэгч, бүр баллистик пуужин хөөргөгч зэргийг багтаасан цогц төхөөрөмж юм. Оросууд эл системийг өмнө нь Сирид худалдана гэж барууныхныг айлгаж байжээ.
Мөн “бага” Ж.Бушийн үед буюу 2007 онд Иранд худалдах гэж байв. Харин 2010 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1929 тоот захирамж гарч, олон улс Иранд санхүүгийн шийтгэл ногдуулсан нь Оросыг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд саад болжээ. Гэсэн ч Кремлийн эрх баригчид бодлоо өөрчлөөгүй бөгөөд Иранд “С-300”-г худалдах нь барууныхныг дийлэх хожлын хамгийн том хөзөр нь хэвээр байна. Америк, Европын одоо хэрэгжүүлж байгаа хоригуудаас болж Оросын эдийн засгийн өсөлт энэ жил 1.8 хувиар буурах тооцоог Дэлхийн банк гаргасан. Харин Украины зүүн хэсэгт нөхцөл байдал улам ээдрээтэй болж, орос цэргүүд Украины гүн рүү нэвтрэх магадлалтай байгаа энэ үед барууны орнууд Оросыг бүр ч илүү ганцаардуулах бодолтой байна. Барууны бодлогоос болж эдийн засаг нь улам хүнд байдалд орвол оросууд Ираныг “барьцаалж” мэднэ. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал олон улсын аюулгүй байдал, Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээ зэрэгт чухал тул энэ талаарх уулзалтад ОХУ байлцах нь АНУ, Европын холбоонд ашигтай. Тиймээс Орост одоогийнхоосоо илүү хатуурхах нь барууны орнуудад өөрсдөд нь илүү хохиролтой.
Г.ЛХАГВА