Францад ажиллаж, амьдардаг Америкийн зохиолч, улс төр судлаач, нийтлэлч Стив Уайсман ингэж үзэж байна. Тэрбээр “Киев дэх төрийн эргэлтийг зохион байгуулсан америкчуудтай танилц” хэмээх гарчигтай долоон хэсэг бүхий хоёр бүлэгтэй нийтлэлийг Америкийн хараат бус, эрэн сурвалжлах мэдээллийн “Reader supported news” (Уншигчаас ирүүлсэн мэдээ) цахим хуудсанд хэвлүүлжээ.
Өдгөө Украинд үүсээд буй нөхцөл байдлыг хэд хэдэн баримт, тайлбар дэлгэн дүгнэхдээ тэрбээр тус улсын хоёр дахь Улбар хувьсгалыг АНУ-ын Засгийн газар санхүүжүүлсэн хэмээгээд ОХУ-ын стратегийн хүч, нөлөөг бууруулах бодлогоо хэрэгжүүлэх америкчуудын гол талбар нь Ерөнхийлөгч Билл Клинтоны засаглалын үеэс хойш Украин улс байсаар ирсэн гэжээ. АНУ-ын Гадаад хэргийн яам буюу Төрийн департаментын хяналт, дэмжлэг дор Эрх чөлөөний ордон, Фордын сан зэрэг байгууллага хуучин ЗХУ-ын харьяанд байсан улс орнуудад Америкийн нөлөөг нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг байна. Эдгээр байгууллагаас гадна Украинд ихээхэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Ардчиллын төлөөх үндэсний сан, Хувийн хэвшлийнхнийг дэмжих олон улсын төв, Олон улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллага, Олон улсын хөгжлийг дэмжих АНУ-ын тусламжийн агентлаг, АНУ-ын энхтайвны төлөөх хүрээлэн зэрэг байгууллага В.Януковичийг эсэрг үүцэгчдийг санхүүжүүлсэн гэж С.Уайсман бичжээ.
Түүний үзэж байгаагаар 2004 оны Улбар хувьсгал үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул В.Януковичийг засгийн эрхэнд дахин гарснаас хойш буюу 2010 оноос хойш америкчууд Украины төрийн тогтолцоо, эрх баригчдыг ашиг сонирхолдоо таацуулахаар ажиллаж эхэлжээ. С.Уайсман Америкийн Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, өнгөрсөн оны наймдугаар сараас Украин дахь Америкийн Элчин сайдаар ажиллаж буй Жеффри Пайетт, Украины Шадар сайд, Ерөнхийл өгчийн Тамгын газрын дарга зэрэг алба хашиж байсан Олег Рыбачук нарыг энэ удаагийн хувьсгалын гол зохион байгуулагчид гэсэн байна.
Энэ талаар оросууд ч мэдэж байгаа гэнэ. С.Уайсманы онцолсноор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2007 онд “ТIME” сэтгүүлийн оны онцлох хүнээр тодорч, уг сэтгүүлд ярилцлага өгөхдөө Украиныг хуваагдмал орон болсон тухай дурдаж байжээ. Орос улс Украиныг бүхий л талаар дэмжиж байхад америкчууд зөвхөн өөрсдийн талд үйлчлэх улстөрчдийг дэмжсэнээр тус улсын иргэдийг Оросын болон барууны талыг баримтлагчид хэмээн хоёр хуваасан, энэ нь нэгэн цагт Орос, Америкийн бус Украины хувь заяанд л сөргөөр нөл өөлнө гэж В.Путин хэлж байв.
С.Уайсман Украины ирээдүйд мөн зовниж байгаагаа дурджээ. Түүний бодлоор Европын холбоо болон Олон улсын валютын сан барууны хэвлэл мэдээллийнхний хэлээд байгаа шиг их хэмжээний мөнгө Украинд өгч чадахгүй учир украинчууд бүгдэд нийцсэн шинэ Үндсэн хуультай болж, Оростой хамтран ажиллах нь чухал гэнэ. Ирэх сарын 25-нд болох Украины Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлд өх улстөрчдөөс барууны орнуудын дэмжлэгийг хамгийн их хүлээж буй “Шоколадны хаан” хочит бизнесмэн Петро Порошенког С.Уайсман америкчуудын хамгийн хайртай “хүүхэлдэй” хэмээгээд түүнийг Америк, Европ, Оросын алиных нь ч талыг баримтлагч биш, зөвхөн ашиг хонжоо бодсон, байдаг л нэг олигархи гэсэн байна.
Г.ЛХАГВА