Неру-Гандигийн улс төрийн эзэнт гүрний тав дахь үеийн угсаа залгамжлагч Рахул Ганди улс төрд татагдан орсноосоо хойш хамгийн том сорилттойгоо нүүр тулаад байна. Тэрбээр энэ сарын 7-ноос ирэх сарын 12 хүртэл үргэлжлэх Энэтхэгийн парламентын сонгуульд эрх баригч Үндэсний конгресс намаас гадна гэр бүлийнхээ нэр хүнд, уламжлалыг хамгаалахын төлөө “тулаан”-д орох юм.
Ээж Соня Гандигийнхаа удирдлага дор өнгөрсөн оны нэгдүгээр сараас Үндэсний конгресс намын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж буй тэрбээр намынхаа сурталчилгааны ажлыг мөн хариуцаж байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлт буурсан, инфляц өссөн, өндөр дээд албаныхан авлигын хэрэгт холбогдох нь нэмэгдсэн зэрэг нь эрх баригч намын нэр хүнд буурахад нөлөөлж, залуу Гандигийн ажлыг улам бэрхшээлтэй болгожээ. Түүнийг Гандигийн удмаас төрөх дөрөв дэх Ерөнхий сайд болно гэж хүлээж буй хүн олон. Харин гол сөрөг хүчин болох Баратия Жаната буюу Энэтхэгийн ардын нам үндсэрхэг үзэлтэн гэгддэг, ихээхэн нэр хүндтэй Нарендра Модийг Ерөнхий сайдад дэвш үүлснээр Үндэсний конгресс нам Р.Гандийг Ерөнхий сайдад дэвшүүлж нэг л түвдээгүй юм. Гэхдээ намынх нь тэргүүлсэн эвсэл сонгуульд ялж, одоогийн Ерөнхий сайд Манмохан Сингх болон намын тэргүүн ээж нь санал тавибал Засгийн газрын тэргүүний суудлаас татгалзахгүй гэдгээ Р.Ганди мэдэгдээд байна.
Ажиглагчид Р.Гандийг “дурамжхан ханхүү” гэж нэрлэсээр иржээ. Учир нь тэрбээр эрх мэдэлд хэзээд ойр байсан атлаа хариуцлага, нэр хүндээс эмээдгээ нууж байсангүй. Улс төрийн аллагын золиос болсон Ерөнхий сайд Ражив Ганди болон түүний итали эхнэр Соня нарын хүү болох Рахул эцэг эхийнхээ сүүдрээс гарч, өөрийн гэсэн дүр төрхийг бий болгох гэж олон жил хичээжээ. 1970 оны зургадугаар сарын 19-нд мэндэлсэн тэрбээр Энэтхэгийн аль л сайн гэсэн сургуульд боловсрол эзэмшиж, АНУд эдийн засгийн ухаанаар суралцан, 2002 онд Мумбай руу нүүх хүртлээ Лондонд санхүүгийн пүүст ажиллаж байв. Тэр хүртэл залуу Гандийг улс төр гэхээсээ крикет сонирхдог, бүрэг ичимхий хэмээн хэвлэлийнхэн бичиж байлаа. Тиймээс ч олонд танигдсан, эрч хүчтэй дүү охин Приянкаг нь гэр бүлийнхээ улс төрийн замналыг үргэлжлүүлэх гол хүн хэмээн нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байсан үед буюу 2004 оны сонгуулиар Рахулыг Үндэсний конгресс намын сурталчилгааны ажилд оролцохоор болоход олон хүн гайхаж байв. Тэр жил Р.Ганди гэр бүлийнхээ уламжлалт тойрог болох Уттар Прадеш мужийн Аметийн тойрогт ялалт байгуулж, парламентад анх удаа сонгогдсон юм.
Харин 2007 онд намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон нь улс төрд эргэлт буцалтгүй орсныг нь харуулсан. Тэрбээр 2009 онд тойрогтоо дахин ялж, парламентын гишүүн хэвээр үлдсэн ч үг цөөтэй, эрс шийдэмгий биш хэмээн саяхныг хүртэл шүүмжлүүлж байв. Мөн өнөөг хүртэл ганц бие байгаа нь шүүмжлэгчдэд сул тал болж харагддаг. Гэхдээ Р.Ганди сүүлийн жилүүдэд залуусын дунд нэр сайтай болж, хөдөө нутгийнханд энгийн бодь хүн хэмээн хүндлэгдэх болжээ. Мөн орчин цагийн цахим харилцааны сайтуудыг ашигладаггүй, намынхаа гишүүдийг ил тод шүүмжилдэг, парламентын гишүүдийг халдашгүй дархан эрхтэй байхыг эсэргүүцдэг зэрэг нь түүнийг сонгогчдод таниулсан байна. Неру-Гандигийн гэр бүлийн анхны томоохон улстөрч Мотилал Неру Энэтхэгийн тусгаар тогтнолын төл өө тэмцэгч, Үндэсний конгресс намын ерөнхийлөгч байсан бол түүний хүү Жавахарлал Неру эрх чөлөөт Энэтхэгийн анхны Ерөнхий сайд байлаа. Харин Ж.Неругийн ганц охин Индира Ганди болон зээ хүү Ражив Ганди нь Энэтхэг орныг улс төр, эдийн засгийн хувьд тогтворгүй, үндэстэн ястан, шашин хоорондын мөргөлдөөн газар аваад байсан үед Ерөнхий сайдаар ажиллаж байв. Гэвч хоёулаа хэрэгжүүлсэн бодлогоосоо болж хэт үзэлтнүүдэд алагдсан билээ.
Ийм үүх түүхтэй гэр бүлийн гишүүний хувьд Рахул Ганди улс төрд ойр байх нь тодорхой байсан ч олон нийтийн ажилд илүү идэвхтэй, хүндтэй улстөрч болох илүү туршлагатай дүү Приянкаг нь биш, чухамх үү түүнийг яагаад Үндэсний конгресс нам гэнэтхэн залуу удирдагчаараа сонгов гэдэг өнөө ч тодорхойгүй. Тус нам ийм шийдвэр гаргах нь хэдийнээс л ойлгомжтой байсан гэх ажиглагчид бий ч сүүлийн арван жил засгийн эрхэнд байсан атлаа нэр хүндээ өргөж чадаагүй конгрессийнхонд Неру-Ганди гэсэн хүчирхэг нэрнээс өөр найдах зүйл үгүй болсныг Рахул Ганди дэд ерөнхийлөгч болсноороо баталлаа гэж үзэх хүмүүс байна. Приянка Ганди 1999 онд сайн, муу элдвээр хэлэгддэг бизнесмэн Роберт Вадратай гэрлэж Приянка Вадра болсноороо улстөрчийн замналаа эцэслэх эхлэлээ тавьсан гэж зарим ажиглагч үздэг. Тиймээс Р.Гандид сонголт байгааг үй гэж болно. Одоо ч алга. Тэрбээр ээждээ тусалж, Үндэсний конгресс намыг хүч, нөлөөтэй улс төрийн хүчин хэвээр үлдээхийн тулд Ерөнхий сайдын суудлын төл өө өрсөлдөхөөс өөр аргагүй болж байна. Сонгуулийг угтсан олон санал асуулгаар Нарендра Моди дийлэнх олны дэмжлэг хүлээнэ, аль ч нам, эвсэл олонх болж чадахгүй гэсэн дүр зураг харагдаж буй ч өөрийнх нь нэгэнтээ хэлснээр “хүн гэр бүлээ сонгодоггүйн адил ялагдлыг ч мөн сонгох аргагүй” юм.
ЭНЭТХЭГ ЯАГААД ЧУХАЛ ВЭ
• Тус улс дэлхийн хамгийн олон хүнтэй ардчилсан орон. Энэ жилийн сонгуульд нийт 814 сая сонгогч бүртгүүлээд байна
• Тус улс 2028 он гэхэд Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүнтэй улс болно гэсэн тооцоо бий. Тэр үед Энэтхэгийн хүн ам 1.45 тэрбумд хүрнэ. Энэ нь дэлхийн нийт хүн амын тавны нэг гэсэн үг
• BRICS-ийн гишүүн. НҮБ, Азийн хөгжлийн банк, “Их 20”-ийн бүлгэмийг үндэслэгч гишүүдийн нэг
• НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хамгийн олон цэрэг илгээдэг хоёр дахь улс
• Цөмийн зэвсэгтэй цөөн улсын нэг
• Зэвсэгт хүчин нь дэлхийн гурав дахь том арми
• Эдийн засаг нь хамгийн хурдан өсөж буй орны нэг
• Дэлхийн тэрбумтнуудын тавны нэг нь энэтхэг
• Дэлхийн арван мега хотын гурав нь тус улсынх
• Хөгжиж буй томоохон орнуудын эрх баригчдаас уур амьсгалын өөрчл өлтийн асуудалд хамгийн ул суурьтай ханддаг нь Энэтхэгийн улстөрчид гэж НҮБ үздэг
• Пакистантай хиллэж, Афганистантай ойр оршдогийн хувьд терроризмын эсрэг тэмцэлд онцгой нөлөөтэй
• Хүн амд эзлэх исламын шашинтнуудынхаа тоогоор дэлхийд хоёрт ордог
• Байгаль орчны нөхөн сэргээлтээр дэлхийд тэргүүлдэг орны нэг
Г.ЛХАГВА