Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович Оросын НТВ телевиз болон Америкийн мэдээллийн “Ассошейтэд Пресс” агентлагийн сурвалжлагчидтай ярилцсан байна. Сэтгүүлчид түүнд “Ноён Ерөнхийлөгч өө” хэмээн хандсан нь анхаарал татаж буй юм. Үнэндээ ч Виктор Янукович Украины Ерөнхийлөгч хэвээр байгаа. Түүний өөрийнх нь үзэж буйгаар бол төрийн эргэлт хийж эрх мэдэлд хүрснээрээ ч, улс орноо одоо удирдаж буй байдлаараа ч Киевийн өнөөгийн удирдлага хууль ёсны бус аж.
Украины Парламентын депутатууд амь насанд нь заналхийлсэн аюул дор, автомат бууны овоо хараан дор саналаа өгч байна гэж тэр хэлсэн байна. "Ерөнхийлөгчийн сонгууль явуулах шийдвэрийг яаран сандран гаргаснаас улс орондоо тогтворгүй байдал бий болгох замыг нээсэн. Ийм нөхцөлд бий болсон аливаа тогтворгүй байдал нийгэмд, магадгүй улсдаа хагарал үүсгэх аюултай. Гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд өөрчлөлт хийж байж л зөрчлийг арилгах эхлэлийг тавина" гэж тэрбээр үзэж буй аж. Түүний хэлснээс үзвэл Украиныг Холбооны улс болгох үзэл санаа тусгаар тогтносон үеэс нь л байж. Учир нь Украин нэг улс мэт ч дотроо их олон янз юм байна. Баруун, Зүүн Украин л гэхэд эдийн засгийн бүтцийн хувьд өөр, эдгээрийн хөгжлийн түүхэн үндэс нь ч ялгаатай аж.
Хүмүүсийнх нь үзэл бодолд ихээхэн зөрүү байдаг юм байна. Өөрийгөө ялагч гэж үзэж буй хүмүүс нийслэл хотод Засгийн газрын байрыг эзэлж авснаар бусдын санаа бодлыг хайхрахаа больдгийг Крымд тохиолдсон түүх харууллаа гэж Янукович хэлсэн байна. “Хүмүүсийн үгийг сонсож, тэднийг ойлгохыг хичээх хэрэгтэй байдгийг Крымд болсон эмгэнэлт явдал харуулсан. Ийм том бүс нутгийн оршин суугчид сэтгэлийн хөдөлгөөнөөр санал асуулга явуулж Крымийг үндсэндээ Украины бүрэлдэхүүнээс гаргачихсантай би хувьдаа санал нэгдэж чадахгүй. Би Гадаад хэргийн сайд нарыг үүргээ биелүүлнэ гэж итгэж байсан. Украины Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж авах ов мэх гаргаж байна гэж би ер бодож байгаагүй. Тэр шөнө л дайчид над руу довтолж эхэлсэн шүү дээ” гэж Янукович хэлжээ. Дэг журам тогтоох эрх мэдэл, бодит боломж түүнд байсан ч Янукович тэр бүхнийг хийж чадаагүй, Яагаад? “Миний баримталдаг зарчимд харш байсан учраас би хүч хэрэглэж чадаагүй. Нэг талд жирийн эсэргүүцлээ илэрхийлэгчид, нөгөө талд нь радикалууд байсан. Уг нь энэ хоёр, эрх баригч болон сөрөг хүчин хамтраад л шийдвэр гаргах хэрэгтэй байсан боловч тэгж чадаагүй” гэж Янукович дүгнэжээ.
Одоо бол хөрөнгөө авч үлдэхийг хичээсэн олигархиуд нь улс орноо сүйтгэх, эсвэл Холбооны улс болох, Үндсэн хуулийн шинэ байгууллын талаар ард түмнийхээ үгийг сонсож бүх нийтийн санал асуулга явуулах гэсэн хоёр зам л байна. Ямар ч тохиолдолд Украины хямралыг гэтлэн давахад Орос улстай нягт хамтарч ажиллах нь чухал гэж Виктор Янукович үзэж буй аж.
Р.ЖАРГАЛАНТ