Ромын пап Францис Ватиканы цэцэрлэгт хүрээлэнд монгол гэрт амьдрах болсон тухай Их Британийн “The Tablet” хэмээх олон улсын католик шашинтнуудад зориулсан долоо хоног тутмын сэтгүүлийн цахим хувилбарт мэдээлжээ. Ромын католик сүмийн 266 дахь папаар өнгөрсөн жил өргөмжлөгдсөнөөсөө хойш тэрбээр Гэгээн Мартагийн ордонд амьдарч буй аж. Энэ сарын 19-нөөс хойш буюу Ариун долоо хоног дууссаны дараа тэрбээр шинэ байрандаа нүүх тухай тэнд тодотгосон байна. Ядууст өглөг буянаа хайрлаж, өөрийгөө хөсөр хаяхыг тэрбээр санваартнуудад номлодог аж. Тиймээс ордноо орхиж, гэрт амьдрах болсныг нь энэ номлолтой нь холбон тайлбарлаж буй юм байна.
Монголд амьдардаг “Консолата” номлолын гэлэнмаа нар тэрхүү гэрийг урлажээ. Гэхдээ үндэсний уламжлалт аргаас өөрөөр, зэгс, хулс, олсны ургамал ашиглаж хийсэн, зургаан метр диаметртэй, гурван метр өндөр гэр аж. Ватиканы сүмийн хэвлэлийн төлөөлөгчид “Пирамидтай төстэй хэлбэр бүхий энэ сууц цаг агаарын өөрчл өлтөд тэсвэртэй байдаг. Ийм гэрт монголчууд гэр бүлээрээ амьдардаг” хэмээн ярьсан байна. Гэхдээ пап Францис дипломат төлөөлөгч болон бусад зочдыг Ватиканы Апостолын ордондоо хүлээн авдаг нь хэвээр байх гэнэ.
Хэдийгээр итгэмээргүй ч ийм мэдээллийг дэлхий даяар түгээжээ. Гэхдээ Ром хотод багахан орон зайг эзлэх Ватикан хот-улсын албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээлээгүй байгаа юм.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ