ХБНГУ-ын агаарын тээврийн “Lufthansa” групп энэ долоо хоногт 3800 нислэгээ цуцлах болсныг BBC агентлаг дамжууллаа. Нисгэгчид нь цалин болон ажиллах нөхцөлөө сайжруулахыг шаардаж, энэ сарын 2-4-нд ажил хаяхаа урьдчилан мэдэгдсэний улмаас ийм шийдвэр гаргасан гэнэ.
лхагва, пүрэв, баасан гаригт зорчихоор тасалбар захиалсан 425 мянган зорчигчид тасалбарын үнийг буцаан төлөх болжээ. Мөн хүсвэл орон нутгийн нислэгийн тасалбарыг галт тэрэгний тасалбараар солих үйлчилгээ үзүүлж буй гэнэ. “Lufthansa” компани АНУ-ын 17 чиглэлд нислэг үйлддэг бөгөөд гурван өдрийн ажил хаялтын улмаас 134 нислэг цуцалсан байна.
Ачаа тээврийн “Lufthansa Cargo” компанийн үйл ажиллагаа ч доголдож, компанид нь олон арван сая еврогийн хохирол учрах төлөвтэй болжээ. Гэхдээ тус группийн харьяа “Swiss International Air Lines”, “Austrian Airlines”, “Eurowings”, “Lufthansa CityLine” болон “Air Dolomiti”-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм байна. Тус компани энэ долоо хоногт ердөө 500 нислэг л үйлдэх гэнэ.
“Lufthansa” группийн түүхэнд энэ нь хамгийн том ажил хаялтад тооцогдож буй бөгөөд зургаан долоо хоногийн өмнө Франкфурт хотод ийм тохиолдол гарч байсан аж.
Б.ЦЭЦЭГСҮРЭН