Крымд ОХУ-ын хийж буй үйлдэлд түгшсэн Дорнод Европын орнуудыг Умард Атлантын эвсэл дэмжихээр төлөвлөж буй гэнэ. Орон нутгийн чанартай цэргийн сургуулилалт хийхээс эхлээд тухайн улсуудад байнга байрлуулахаар ихээхэн хэмжээний цэрэг илгээх хүртэл чухам ямар дэмжлэг үзүүлэх асуудлыг НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар хэлэлцэж буй гэж дипломат эх сурвалж мэдээллээ. Балти орчмын агаарын орон зайд байх байлдааны нисэх онгоцныхоо тоог АНУ нэмэгдүүлж, Польштой хамтран хийж буй сургуулилалтад оролцож буй цэргийнхээ хүч чадлыг хэдийнэ нэмэгдүүлээд байгаа юм.
НАТО-гийн бүрэлдэхүүнд ордоггүй Украины хэрэгт цэргийн хүчээр оролцохгүй гэж АНУ болон түүний холбоотнууд мэдэгдээд байгаа ч тус эвслийн байлдааны чадвар найдвартайг НАТО-гийн гишүүн Балти орчмын орнуудад харуулахад бэлэн байгаа аж. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудыг НАТО өөрийн эгнээнд оруулж эхэлсэн 1999 оноос тус эвслийн хүрээнд Дорнод Европт байрлуулах цэргийн тоонд хязгаар тогтоогоод байжээ. Гэтэл агаараас эсэргүүцэн хамгаалах Америкийн пуужингуудыг нутаг дэвсгэр дээрээ байрлуулахыг Польш, Румын улс л зөвшөөрсөн бол Балтийн орнууд агаарын орон зайгаа хамгаалуулах зорилгоор агаарын цэргийн хүчний ангиудыг л байлгахаар болсон аж.
НАТО-гийн гишүүн орнуудын сайд нарын уулзалт өнөөдөр дуусна. Гэхдээ энэ өдөр Афганистаны байдлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Р.ЖАРГАЛАНТ