Дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн аюул, сөрөг нөлөө өмнө тооцоолж байснаас ч нэмэгдсэн талаар НҮБ-аас анхаарууллаа. Тус байгууллагын дулаарлын асуудал хариуцсан албаны мэргэжилтнүүд энэ өдрүүдэд Японы Ёокохама хотод чуулж байгаа бөгөөд энэ удаагийн судалгааг дулааралтай холбоотой одоогоор гараад байгаа хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн том нь гэж үзэж байна. Том, жижиг 12 мянга гаруй судалгаанд түшиглэн гаргасан энэхүү нэгдсэн тайланд дурдсанаар дулаарлын нөлөө дэлхийн экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, ан амьтан, ургамал, байгалийн тогтоцод сөрөг нөлөө үзүүлж буйгаас гадна хүний эрүүл мэнд, ахуй амьдрал, хоол хүнс, аюулгүй байдалд ч нөлөөлж байна. Энэ талаар 2007 онд НҮБ-аас албан ёсоор сэрэмжлүүлж байсан ч түүнээс хойших анхны албан мэдэгдэл, судалгааны тайлан нь энэ болж байгаа юм.
2050 он хүртэлх хугацаанд дэлхийн дулаан гурван градусаар нэмэгдэхэд дулаарлаас болж газар тариалангийн нийт бүс нутгийн аравны нэг нь 25 ба түүнээс дээш хувийн ургац алдах бол хүнсний өөр нэгэн эх үүсвэр болох жижиг загаснууд орчны бохирдлоос болж далай тэнгисийн эрэг хөвөөнөөс холдон дайжих гэнэ. Харин халуун дулаан бүсэд цөлжилт нэмэгдсэнээс үржил шимтэй газар нутгийн хэмжээ 50 хүртэлх хувиар буурах магадлалтай байна. Энэ нь Африк, Өмнөд Америк зэрэг хөгжиж буй бүс нутгийн ядуу иргэдийг бүр ч зутраах аюултай. Харин Европт үер усны аюул нэмэгдэх төлөвтэй бол Азид ган гачгийн аюул нүүрлэх магадлал хамгийн их байгаа аж.
Өнгөрсөн 2013 он 1880-аад оноос хойших хамгийн халуун зургаа дахь жил байсан нь ганц Азид ч биш дэлхийн хаана ч ган гачиг нүүрлэж зүрх, судасны өвчнөөр нас барах хүний тоо нэмэгдэхийн дохио гэдгийг судалгааг танилцуулсан НҮБ-ын харьяа Дулаарлын асуудлаарх олон улсын хорооны тэргүүн Ражендра Пачаури, Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Жарро нар анхааруулжээ.
Г.ДУЛАМ