Украины “УДАР” намын тэргүүн Виталий Кличко Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ больж, Киев хотын захирагчийн суудлын төлөө өрсөлдөхөөр шийджээ. Тэрбээр Украины ардын депутат Петр Порошенког дэмжихийг уриалсан байна. “Ардчилсан хүчнээс ганц хүний нэрийг дэвшүүлэх нь ялах цорын ганц боломж. Энэ хүн нь харин иргэдийн дэмжлэгийг ихээхэн хүлээх хүн байх ёстой” гэж тэрбээр бямба гаригт болсон намынхаа их хурал дээр хэлжээ.
Киевийг жинхэнэ европ маягийн нийслэл болгохын тулд түүний захирагчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн гэж Кличко мэдэгдсэн байна. Бүх өөрчлөлт, үүсгэл санаачилга нийслэлээс эхлэх ёсой гэж тэрбээр үзэж буй аж. Украины Ерөнхийлөгч болон Киевийн захирагчийн сонгууль тавдугаар сарын 25-нд болох юм. Нэр дэвшигчдийг бүртгэх ажил өчигдөр дууссан.