Малайзын иргэний агаарын тээврийн МH370 нислэгийн дугаартай “Боинг 777” онгоцыг олон хоног эрж хайсны эцэст Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн гэж тус улсын албаныхан мэдэгдсэн билээ. Онгоцонд явсан 239 хүний гуравны хоёр нь БНХАУ-ын иргэн байсан бөгөөд тус улсын ард иргэд болон эрх баригчид онгоц эрэн хайх ажиллагаанд хугацаа алдсан, мэдээлэл ил тодорхой байгааг үй хэмээн Малайзын албаныхныг буруутгаж байгаа юм. Хятадын тал одоо ч Малайзын зүгээс хариулт шаардаж, онгоцыг осолдсон гэж үзэхэд хүргэсэн мэдээ сэлтээ дэлгэхийг хүсэж байна. Энэхүү эмгэнэлт явдал хоёр улсын харилцаанд цаашид хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй ч энэ цаг үед үл итгэлцэл үүсгээд байгаа нь нууц биш. Хятад зорчигчдын ар гэрийнхэн болон найз нөхөд Бээжин дэх Малайзын Элчин сайдын яамны гадаа жагсаал цуглаан зохион байгуулсан бол цахим ертөнцөд Малайзын бараа таваарыг худалдаж авахгүй байхыг, тус улс руу мөн аялахгүй байхыг хятадууд бие биедээ уриалж байна.
Зүүн Өмнөд Азийн орнуудаас аялал жуулчлал хамгийн сайн хөгжсөн гэгддэг Малайз улсад хятад жуулчид жилдээ хэдэн саяараа зорчдог юм. Энэ сарын эхээр онгоц алга болсноос хойш тус улсыг зоригсдын тоо даруй 20 гаруй хувиар буурчээ. Гэхдээ зарим ажиглагчийн онцолж байгаагаар уг онгоцны хэргээс болж илүү хүндхэн нөхцөлд байгаа нь Малайз биш БНХАУ юм.
Бээжингийн эрх баригчид Малайзтай ойр дотно харилцаатай байхыг чухалчлахаас гадна зорчигчдын ар гэрийнхний гомдлыг тайлах үүрэгтэй. Тиймээс онгоцонд явсан малайз зорчигчдын ар гэрийнхнийг хятад зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзуулах санаачилгыг Хятадын талаас гаргажээ. Энэ нь хятад иргэдийн дунд үүссэн Малайзад дүргүйцэх хандлагыг эерүүлэхэд чиглэж байна. Бээжин дэх Ази-Номхон далайн бүсийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн Жан Зиэгийн хэлснээр Малайзын хууль хяналтынхан онгоцыг эрэн хайх, онгоцтой холбоотой мэдээлэл олох, зорчигчдын ар гэрийнхнийг мэдээллээр хангах зэрэг ажилд удаан хойрго мэт байсан нь хариуцлагагүйдээ юм уу, эсвэл санаатайгаар тийм хандлага гаргасан хэрэг огт биш, харин малайзуудын техник технологийн мэдлэг, ур чадвар тааруутай холбоотой гэнэ.
МH370 онгоцны осол хоёр улсын харилцаанд сэв суулгасан нь маргаангүй ч талууд өнгөрөгч онд стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа гээд олон чухал салбарт хамтран ажиллахаар болсон тул хоёр улсын таагүй харилцаа удаан үргэлжлэхгүй гэж ажиглагчид үзэж байна. АСЕАН-ий орнуудаас Малайз Хятадтай хамгийн ойр харилцаатай бол БНХАУ Малайзын худалдааны гол түнш юм. Дээрх онгоцны ослоос өмнө хоёр улсын харилцаанд үл ойлголцол үүсгэсэн ганц асуудал байсан нь Өмнөд Хятадын тэнгис дэх цөөн жижиг арлын эзэмшлийн асуудал байв. Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэж шинжээчдийн үзэж буй MH370 онгоцны ул мөрийг илрүүлэх ажил одоо ч үргэлжилж байгаа. Сүүлийн мэдээгээр онгоцны эд анги байж болзошгүй 120 гаруй эд зүйл эрлийн бүсээс нэмж олдсон бөгөөд тэдгээрийг осолдсон онгоцных мөн, эсэхийг хараахан тогтоогоогүй байна. Эрэн хайх болон судалгааны ажилд одоо Малайзаас гадна Австрали, Шинэ Зеланд, АНУ, БНХАУ, БНСУ, Япон гэсэн зургаан улс оролцож байгаа аж. Онгоцны үлдэгдэл байж магадгүй зүйлс нэмж илрүүлсэн гэх мэдээлэлтэй зэрэгцэн хохирогсдын ар гэрийнхэнд нөхөн олговор олгох талаар ярьж эхлэв.
Онгоцыг осолдсон гэж албан ёсоор үзсэн тул олон улсад мөрдөгддөг Монтреалийн тунхагийн дагуу “Малайзын иргэний агаарын тээвэр” компани амь үрэгдсэн зорчигч тус бүрийн ар гэрийнхэнд 150-175 мянган ам.доллар олгох үүрэг хүлээх юм. Харин тус компани зорчигч тус бүрт эхний ээлжинд 5000 ам.долларын нөхөн олговор олгохоор санал гаргаад байна.
Г.ЛХАГВА