БНАСАУ дундын тусгалтай хоёр баллистик пуужин туршив. Энэ нь Голландын Гаага хотод болж буй “Их долоо”-гийн чуулганы үеэр АНУ, БНСУ, Японы эрх баригчид уулзаж, цөмийн аюулгүй байдлын талаар санал солилцсоныг эсэргүүцсэн хариу үйлдэл гэж ажиглагчид үзэж байна. Умард Солонгосын энэ удаа туршсан баллистик пуужин “Нодонг” загварынх бөгөөд энэ төрлийн пуужинг тус улс 2009 оноос хойш туршаагүй юм.
Энэ удаагийн пуужингийн туршилт мөн БНАСАУ Өмнөд Солонгосын байлдааны хөлөг онгоцыг живүүлсний дөрвөн жилийн ойтой давхцаж буйгаараа олон улсын анхаарлыг татаж байна. АНУ, БНСУ-ын эрх баригчид пуужингийн туршилтыг НҮБын хууль тогтоомжийг зөрчсөн, дэлхий дахины аюулгүй байдалд заналхийлсэн өдөөн хатгалга гэжээ.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр “Нодонг” загварын пуужин 650 орчим км зайд тусах чадвартай бөгөөд энэ нь Өмнөд Солонгос, Японы ихэнх хэсгээс гадна Орос, Хятадын нутагт ч хүрнэ гэсэн үг.
Г.ЛХАГВА