Малайзын сураггүй болсон онгоцонд явсан 239 хүний ар гэрийнхэн сонсох вий гэж хамгийн их айж байсан зүйлээ өчигдөр Бээжин хотын “Лидо” зочид буудалд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус улсын Ерөнхий сайд Нажиб Разакаас дууллаа. Тэрбээр “МH370 нислэгийн дугаартай “Боинг 777” онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт, Австралийн баруун эргээс 2500 орчим км-ийн зайд сүйрсэн болохыг албан ёсоор мэдэгдэж, сүйрлээс нэг ч хүн амьд үлдээгүй нь эргэлзээгүй боллоо” гэжээ. Энэ нь онгоц сураггүй болсноос хойш Малайзын албаныхан онгоцыг сүйрсэн гэж үзсэн анхны мэдэгдэл юм. Тус улсын Засгийн газар Их Британийн сансрын хиймэл дагуул судлалын “Инмарсат” байгууллагын мэдээлэлд түшиглэн ийм дүгнэлтэд хүрсэн байна. Энэхүү байгууллага онгоц алга болсон өдрийн бүх нислэгийн маршрутыг хиймэл дагуулуудын мэдээллээс эрж, олон хоног судалгаа, шинжилгээ хийсний дүнд онгоцыг далайд осолдсон гэж үзжээ. Харин зорчигчдын ар гэрийнхэн болон БНХАУ-ын албаныхан Н.Разакийн мэдээлэлд итгэхийг хүсэхгүй байна.
Малайзын Ерөнхий сайдыг “Нэг ч хүн амьд үлдээгүй” гэж хэлмэгц “Лидо” зочид буудлын хэвлэлийн танхимд байсан зорчигчдын ар гэрийнхэн орь дуу тавин уйлж, зарим нь ухаан алдан унажээ. Мөн уурссан зарим нь Н.Разакийн хамт зогсож байсан Малайзын агаарын тээврийн албаныхан руу дайрч, хэвлэлийнхэн рүү сандал шидэж, хэд хэдэн камер эвджээ. Зорчигчдын ар гэрийнхэн болон найз нөхөд нийлсэн 200 орчим хүн дараахан нь Бээжин дэх Малайзын Элчин сайдын яамны гадаа цуглаж, онгоц сүйрсэн гэж үзэхэд хүргэсэн мэдээ сэлтээ танилцуулахыг шаардсан байна. Зорчигчдын 153 нь Хятадын иргэн юм. Хятадын тал Малайзын хууль хяналтынхныг мэдээлэл нуун дарагдуулсан, зорчигчдын ар гэрийнхэнд хүндэтгэлгүй хандсан зэргээр шүүмжилсээр байна. Н.Разакийг мэдэгдэл хийхийн өмнөхөн “Малайзын иргэний агаарын тээвэр” компанийнхан зорчигчдын ар гэрийнхэнд онгоц сүйрсэн тухай Засгийн газрынхаа албан мэдэгдлийг гар утсаар зурвас болгон илгээсэн нь мөн багагүй шүүмжлэлд өртжээ.
Онгоцыг эрэн хайх ажиллагаанд 27 улс оролцож байгаа бөгөөд онгоцны эд анги байж болзошгүй хэд хэдэн зүйл Энэтхэгийн далайд хөвж байхыг сүүлд Австрали, Хятадын эрлийн баг олсон юм. Гэхдээ тэдгээр нь осолдсон онгоцных мөн, эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Онгоцны их биеийг олох ажиллагаа цаг агаар муудсантай холбоотойгоор түр завсарлаад байгаа.
Австралийн Батлан хамгаалахын сайд Дэвид Жонстоны хэлснээр дээрх сэжигтэй зүйлс олдсон газар дэлхийн хамгийн алслагдмал, хамгийн хахир ширүүн уур амьсгалтай газрын нэг аж. Тиймээс онгоцны үлдэгдэл болон зорчигчдын цогцсыг олж, далайгаас гаргахад олон сар, магадгүй олон жил болно гэж тэрбээр ярьжээ. Гэхдээ онгоцны сэгийг олж, далайгаас гаргах гэхээсээ КуалаЛумпураас Бээжинг чиглэн ниссэн онгоц юуны учир чиглэлээ өөрчлөн өмнө зүгт олон мянган км зам туулж, ямар шалтгаанаар осолдов гэдэг асуулт олон хүнийг зовоож байна.
Г.ЛХАГВА