АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден Зүүн Европт айлчилж, Балтийн орнууд болон Польш зэрэг улсын эрх баригчдаас Крымийн асуудлаар ОХУ-ыг дэмжиж буй эсэх талаар баттай байр суурийг нь сонсохоор яваа энэ өдрүүдэд Оростой хил залгаа болон ойр дотно харилцаатай байдаг түншүүд нь энэ талаар ам нээхээс болгоомжилж байна. Гүржээс салан тусгаарласан Абхаз, Өмнөд Осетийн автономит бүгд найрамдах улсыг ОХУ-аас гадна Никарагуа, Венесуэл, Науру, Тувалу, Вануату зэрэг “онц сонирхолтой” орнууд дэмжиж байсан бол өнөөгийн Крымийн салан тусгаарлалтыг ямар орнууд дэмжиж байна вэ? Албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй ч Украины хямралын асуудлаар Оросын талыг илэрхий баримталж буй хоёр улс байгаа нь Венесуэл, Сири юм. Жагсагч, тэмцэгчидтэй нүүр тулж, барьц алдаад буй Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро “Украины ардчиллыг нуран унахад хүргэсэн Америк, Европын улс төрийн хэв загварын золиос нь Крым юм” гэжээ. Мөн барууны орнууд хэзээд Оросын эсрэг бодлого баримталсан, баруунтнуудын эцсийн зорилго бол Оросыг сүйрүүлэх гэж хэлсэн удаатай.
Харин түүнээс ч илүү хүндхэн байдалд байгаа Сирийн ерөнхийлөгч Башар Аль-Асад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг Украины тусын тулд, террористуудыг дарахын тулд Крымийн асуудалд хөндлөнгөөс оролцохоос өөр аргагүй байсан гэжээ. Оросыг дэмжигчдийн жагсаалтад энэ хоёр улсын ард ажиглагчид БНХАУ-ыг бичиж буй ч Бээжингийн байр суурь ихээхэн эргэлзээтэй юм. Оросын эсрэг хориг батлахыг Хятад эсэргүүцсэн. Гэхдээ Крымийн санал асуулгын дүнг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна. Энэ сарын 2-нд Хятадын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Ямар ч улсын дотоод хэрэгт оролцохгүй байхыг БНХАУ чухалчилсаар ирсэн. Бид Украин улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэнэ” гэжээ. Оросын өөр нэгэн холбоотон болох Иран улс мөн Хятадын адил байр суурьтай байгаа бөгөөд Орос, Европын аль алинд нь хандсан болов уу гэмээр тун бүрхэг утгатай мэдэгдэл хийсэн нь “Аль ч орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь сайн үр дагавар авчрахгүй” гэсэн сануулга байлаа. Харин Кремлийн тэргүүний баруун гар, заримдаа утсан хүүхэлдэй ч гэгддэг, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко саяхныг хүртэл Москвагийн талд орох үгүйгээ шийдэж ядан байв.
Тэрбээр “Украин орон хуваагдах ёсгүй” гэж хэлж байсан ч удалгүй “Оросын холбоонд нэгдэх Крымийн хүсэлтийг Беларусь улс албан бусаар хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлыг удахгүй парламентаар хэлэлцүүлж, албан ёсоор байр сууриа илэрхийлнэ” гэжээ. Беларусь улс Оросын тэргүүлдэг Евразийн Гаалийн холбооны гишүүн бөгөөд сүүлийн үед Москватай таагүй харилцаатай байгаа гэсэн мэдээ бий. А.Лукашенкогийн адил Крымийн асуудалд гуйвж дайвсан байр суурьтай буй улсууд бол Төв Азийн “стан”-ууд юм. “The Economist” сэтгүүлд бичсэнээр Оросын цэргийн түрүүч Крымийн хойгт буудаллаж эхлэхэд Укбекистан улс Украины тусгаар тогтнолд зовниж буйгаа мэдэгдсэн бол Казахстаны албаныхан нөхцөл байдал буруугаар эргэвэл бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлнэ гэж болгоомжилж байв. Харин Тажикстаны төрийн төв хэвлэлүүд байр сууриа илэрхийлэхэд эрт байна хэмээн булзаж, Кыргызстан Украины тогтворгүй байдалд зовниж байна гэхээс өөрийг хэлээгүй аж. Гэтэл Крымийн санал асуулгын дараа бүгд дор бүрнээ дуугүй болж, Казахстан улс л энэ сарын 18-нд гаргасан мэдэгдэлдээ “Крымийн ард түмний чөлөөт сонголтыг Казахстан улс ойлгож, хүндэтгэнэ” гэж онцолжээ.
Украиныг тойрсон олон асуудалд дуугүй байлаа гэж ажиглагчид Бразилийг хамгийн их шүүмжилж байгаа. Хөгжиж буй орнуудыг тэргүүлэгч BRICS-ийн бүлгэмийн орнуудын дээд хэмжээний уулзалт ирэх долдугаар сард тус улсад болох бөгөөд Оросын эсрэг дуугарвал Кремлийн тэргүүн чуулганд оролцохгүй байж магадгүй гэж Бразилийн албаныхан эмээж буй нь нууц биш юм. Тус улсын Гадаад хэргийн сайд Луиз Альберто Фигейредо өнгөрсөн лхагва гаригт л Крымийн асуудлаар анх удаа ам нээж, “Сөргөлдөгч талууд Украины ард түмний ашиг сонирхлыг хүндэтгэсэн, ардчилсан шийдэлд хүрэх ёстой” гэжээ. BRICS-ийн гишүүн орнуудаас Энэтхэг улс Орост хамгийн сонирхолтой хариу барив. Тус улсын Засгийн газар Оросын эсрэг хориг батлахыг эсэргүүцсэн бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Шив Шанкаар Менон нь “Оросын болоод бусад орны эрх ашгийг бид хүндэтгэнэ. Асуудлыг эвээр шийдээсэй гэж хүсэж байна” гэжээ. Харин В.Путин Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингхтэй утсаар ярилцсаныхаа дараа түүнийг Крымийн асуудалд уужуу, илэн далангуй байгаад баяртай байна гэсэн юм.
Энэтхэгийн дипломатч Анкит Пандагийн онцолсноор Энэтхэг улс зэр зэвсгийнхээ 75 хувийг Оросоос авдгийн дээр АНУ-Энэтхэгийн харилцаа таагүй байгаа энэ үед Оростой эвдрэлцэхгүй байх нь Шинэ Делигийн эрх баригчдад чухал юм. Нью-Йорк хот дахь Энэтхэгийн консулын газрын ажилтан Дейвани Хобрагадэг гэрийн үйлчлэгчээ визийн хуурамч мэдүүлгээр Америкийн нутагт оруулж ирсэн, түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрэхгүй цалин олгож байсан хэмээн Америкийн албаныхан өнгөрсөн арванхо ёрдугаар сард баривчилсан нь энэтхэгчүүдийн дургүйцлийг төрүүлсэн юм. М.Сингх В.Путиний талд байгаагаа олон улсын тавцанд ил зарлахгүй ч Энэтхэг л Крымийн асуудалд Оростой түншлэхэд хамгийн ойр байна. Ирэх сард болох Энэтхэгийн парламентын сонгуулиар олонх ажиглагчийн таамаглаж байгаачлан үндэсний үзэлт, Америкийг үл таашаагч гэгддэг Нарендра Модигийн тэргүүлсэн Үндэсний ардчилсан эвсэл ялбал ОросЭнэтхэгийн харилцаа бүр ч сайжрах нь тодорхой.
Г.ЛХАГВА