“Донбассын ардын сайн дурынхны” удирдагч Михаил Чумаченког Украины аюулаас хамгаалах албаныхан баривчилжээ. Үндсэн хуулийн байгууллагыг хүчээр унагаахад бэлтгэсэн, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн гэж түүнийг сэжиглэж буй аж. Олон түмнийг хамарсан арга хэмжээнд оролцогчдыг хууль бус үйл ажиллагаанд оролцохыг, түүний дотор тус мужийн захиргааны байрыг эзэлж авахад энэ сарын 22-нд уриалах гэж байсныг нь гэрчлэх материалыг Михаил Чумаченкогоос олсон гэж “Украинская правда” сонинд бичсэн байна. Түүнээс гадна баривчлагдсан хүн маань өөрийгөө “ардын амбан захирагч” хэмээн өргөмжлөхөөр зэхэж байжээ.
Крымд болсон үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын эсрэг нэхэмжлэл гаргах гэж буйгаа Украины Ерөнхий сайд Арсений Яценюк энэ сарын 21-нд мэдэгдэв. Крымд Оросын явуулж буй үйл ажиллагаа нь “дээрэм” тул бид олон зуун тэрбум доллар нэхэмжилнэ гэж тэрбээр хэлсэн аж. Украины эрх баригчид ойрын үед олон улсын шүүхэд хандах бололтой. Украин улсын хөрөнгө байсан олон обьектыг “өөрийн болгосноор” ОХУ зэвсэгт дээрэм хийсэн гэж Яценюк үзэж буй юм байна.