Гүржийн Ерөнхий прокурорын газар мэдүүлэг авахаар дуудсан ч Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили очихгүй гэж шийдсэн байна. Түүний үзэж буйгаар бол Гүржийн эрх баригчид Оросын дээд албаны хүмүүсийн, тухайлбал Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар өөрийг нь баривчлах гэж байгаа гэнэ. Украиныг дэмжсэн кампанит ажилд оролцсонтой нь холбогдуулан сүүлийн үед Саакашвили рүү нэлээн дайрч давшилж буй юм байх. “Би эрх чөлөөт хүний хувиар тэмцлээ үргэлжлүүлнэ.
Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” эвслийн тэргүүн Иванишвили, Путин хоёрын сэдсэн тоглоомд оролцохгүй. Би Путиний мөрөөдлийг биелүүлэх гэж биш, Путиний тушаалыг биелүүлж буй хүмүүсээс Гүржийг чөлөөлөх гэж тэнд очно” гэж Саакашвили мэдэгдсэн байна. Тэрбээр Украины сөрөг хүчнийг дэмжиж, Ерөнхийлөгч Януковичийг огцруулсны дараа Киевт очиж жагсагчдын өмнө үг хэлж байсан юм. Хэд хэдэн, эрүүгийн хэрэгт гэрчийн этгээдийн хувиар мэдүүлэг авахаар Саакашвилийг Гүржийн ерөнхий прокурорын газар урьсан нь энэ сарын 22-нд тодорхой болсон юм. Гуравдугаар сарын 27-нд авахаар төлөвлөсөн мэдүүлэгт ирэх дуудлагыг Ерөнхийлөгч асны ээжид гардуулж өгсөн аж. Саакашвили өөрөө 2013 оны намраас хилийн чанадад амьдарч буй юм.
Гүржийн нэгдсэн банкны ажилтан Сандро Гиргвлианийн амийг хороосон хэрэгт буруутгагдсан хүмүүст 2008 онд өршөөл үзүүлсэнтэй нь холбоотой асуудлаар Ерөнхийлөгч аснаас мэдүүлэг авах гэсэн аж. Түүнчлэн Ерөнхий сайд агсан Зураб Жваниягийн үхэл, бизнесмэн Бадри Патаркацишвилид хууль бусаар хандсан болон төрийн хамгаалалтын тусгай албаны дансанд байсан таван сая долларыг үрэн таран хийсэн зэрэг хэргүүдтэй холбоотой асуудлаар Саакашвилигээс асуух, тодруулах зүйл бишгүй байгаа гэнэ.
Р.ЖАРГАЛАНТ