Алга болсон онгоцных байж болохуйц хоёр зүйл Энэтхэгийн далайгаас олсноо Австрали улс өчигдөр өглөө зарлав. Энэ тухай Ерөнхий сайд Тони Эббот нь мэдэгдсэн байна. Гэхдээ олсон зүйлс Малайзын онгоцтой холбоогүй ч байж болох тул яаран дүгнэлт хийхгүй байхыг тэрбээр бас сануулсан аж. Тус улс Агаарын цэргийн хүчний онгоцоо тийш нь илгээжээ. Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт Австрали улс эрэл хайгуул хийж буй юм байна. Малайзчуудын үзэж буйгаар чиглэлээ өөрчилсөн онгоц ийшээ юм уу Төв Ази руу зүглэсэн байж болзошгүй аж.
Малайзын авиа компанийн онгоцтой адил онгоцыг Мальдивын оршин суугчид энэ сарын 8-нд олж харсан гэсэн мэдээлэл гарсан юм. Мальдив улс Энэтхэгийн далайд, тэгэхдээ одоо эрэл хийж буй бүсээс цааш оршдог аж. Малайзын эрх баригчдын үзэж буйгаар бол “Боинг” нислэгийн чиглэлээ өөрчилсөн нь нисгэгчдийнх нь хэн нэгний үйлдэл байж болох юм байна.