Дуу авиа бичлэгийн студийн эзний амийг хороосон хэрэгт буруутай нь нотлогдсон 33 настай дуучин Рэй Жасперийг энэ сарын 19-нд АНУ-ын Техас муж улсад цаазалсан байна. Жаспер буруутай болох нь бүр 2000 онд нотлогдсон аж. Гэвч өмгөөлөгчид нь шүүхийн үйл ажиллагаанд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах байдал нөлөөлсөн гэж үзэн маргаан үүсгэжээ.
Хар арьст залуу Жасперийг хүн амины хэрэгт сэжиглэн 1998 онд баривчилжээ. Тэрбээр студийн техник хэрэгслийг нь авах зорилгоор эзнийх нь амийг хөнөөжээ. Уг хэргийг хамтрагчтайгаа үйлдэхийн өмнө тус студид хоёр цагийн турш бичлэг хийлгэсэн байна. Студийн эзний хоолойг огтолсноо Жаспер хүлээсэн аж.
Жасперийг цаазалсан нь Техас муж улсад энэ онд гүйцэтгэсэн анхны дээд ял биш гэнэ. Цагдаагийн амийг хороосон Эдгар Тамайо гэгч мексик хүнийг нэгдүгээр сард цаазалжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй нөхрөө доромжилж, улмаар аминд нь хүрсэн Сюзанн Бассо гэдэг эмэгтэйд оноосон цаазын ялыг хоёрдугаар сард ёсоор болгосон байна.