Крымийг Оросын бүрэлдэхүүнд оруулах талаарх багц баримт бичгүүдийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Төрийн Думдээ барилаа гэж “Интерфакс” мэдээлэв. Хойгийг Орост нэгтгэх тухай хэлэлцээрт энэ сарын 18-нд гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичгийн дагуу Крымийн БНУ, Холбооны хэмжээний статустай Севастополь хот гэсэн хоёр субъект Орост шинээр бий болж байна. Шилжилтийн үеийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс наана багтааж дуусгахаар төлөвлөж буй гэнэ.
Оростой визийн дэглэм тогтоож Украины цэргийг Крымээс гаргахаар шийдвэрлэснээ Украины эрх баригчид мэдэгдлээ. Мөн Украиныг Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгээс гаргахаар Аюулгүйн зөвлөл нь шийдвэрлэсэн байна. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл Крымд үлдэхээс татгалзаж буй украин иргэдийг тэндээс гаргах нь зүйтэй гэж үзжээ. Түүнээс гадна Крымээс Оросын цэргийг гаргах талаар холбогдох арга хэмжээ авахыг хүсэж НҮБ-д хандсан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд оролцсон орнуудын төлөөлөгчид Крымийг Орост нэгтгэхийг бүгд буруутгасны хариуд Оросын байнгын төлөөлөгч “Оросыг доромжлохгүй” байхыг АНУ-аас шаардсан аж. Аюулгүйн зөвлөлд Оростой хамтран ажиллана гэж АНУ-ын төлөөлөгч үзэж буй бол үүнийгээ сайн бодолцох ёстой хэмээн Америкийн байнгын төлөөлөгч хатагтай Саманта Пауэрт хандаж НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч, Виталий Чуркин хэлсэн байна.
Севастополь хотод байгаа Украины Тэнгисийн цэргийн хүчний штабыг лхагва гаригийн өглөө нүүрэндээ баг өмссөн хэсэг хүн буу дуугаргаж, хүний аминд хүрэлгүй эзлэн авчээ. Тус хүчний командлагч, контр-адмирал Сергей Гайдукаас тодруулах зүйл байсан тул “Түр хугацаагаар” баривчилсан гэх мэдээ байна. Яриа хэлэлцээ хийлгэхээр өөрийн орлогч Виталий Ярема, Батлан хамгаалахын сайд Игорь Тенюх нараа Крым рүү явуулахаар Украины Ерөнхий сайд Арсений Яценюк шийдвэрлэж, зөрчлийг арилгахад шаардагдах бүхий л арга хэмжээг авах, харин зэвсэгт сөргөлдөөнд хүрэхгүй байхыг тэдэнд даалгасан ч Крымийн Ерөнхий сайд гэж Москва албан ёсоор үзэж буй Сергей Аксёнов Украины төлөөлөгчдийг Крым рүү нэвтрэхийг зөвшөөрөөгүй гэнэ. Украины Батлан хамгаалахын сайдын үзэж буйгаар бол Крымд байгаа Оросын цэргийн тоо хоёр талын тохиролцсоноос үлэмж давсан бололтой. Энэ тоо 12.5 мянга байснаа богино хугацаанд 22 мянга болсон байна. Дашрамд хэлэхэд, Крымийн тусгаар тогтнолыг, түүнийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан тухай шийдвэрийг одоогоор Москвагаас өөр хүлээн зөвшөөрсөн газар байхгүй байгаа аж.
Украинд Оросын явуулж буй үйл ажиллагаанаас үүдэн ХБНГУ-ын Засгийн газар Оросын арми, Германы “Rhеin-metall” концернтой хамтран ажиллахыг түр хоригложээ. Москватай цэргийн салбар дахь хамтын ажиллагаагаа зогсоохоор урьд нь Англи улс шийдсэн. Түүнчлэн төлөвлөөд байсан тэнгисийн цэргийн сургуулилалтаа хойшлуулахаар Франц, Их Британи, АНУ, ОХУ шийдвэрлэсэн талаар урьд нь мэдээлсэн. Европын холбоотой холбоо тогтоох хэлэлцээрт өнөөдөр Украиныг төлөөлж гарын үсэг зурах эрхийг Ерөнхий сайд Арсений Яценюкт тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов олгожээ. Украинд болж буй хэрэг явдалд АНУ цэргийн хүчээр оролцохгүй гэж Барак Обама мэдэгдлээ. Харин ОХУ-ын эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээг өргөжүүлэх боломжийг үгүйсгэсэнгүй.
Эцэст нь хэлэхэд Украины Ерөнхий сайд асан, хатагтай Юлия Тимошенко Германд эмчлүүлээд эх орондоо эргэж иржээ. Түүнийг энд эмчлэхээр Германы Канцлер Ангела Меркель урьсан юм.