Кремлийн ордны Георгиевийн танхимд ОХУ-ын Холбооны хурлын гишүүдийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлж, Крымийн автономит БНУ-ыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулж буйг баталгаажуулж Владимир Путин, Крымийн Ерөнхий сайд Сергей Аксёнов, Дээд зөвлөлийн дарга Владимир Константинов, Севастополь хотын захирагч Алексей Чалый нар баримт бичигт гарын үсэг зурлаа. Владимир Путин энд хэлсэн үгээ ихээ холоос эхлэв. Тэрбээр 1954 онд Крымийг Украинд өгөх санаачилга гаргасан тухайн үеийн ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Никита Хрущевийн нэрийг энд хэлсэнгүй. Тэр ч бүү хэл үүнээс бүр өмнө одоогийн Украины дорнод, өмнөд нутгийг шилжүүлж өгсөн большевикуудыг ч “Бурхан тэднийг шүүнэ биз” гээд орхив. Харин Крымийг шилжүүлж өгсөн нь тухайн үеийн Үндсэн хуулийн хэм хэмжээг яалт ч үгүй зөрчсөн үйлдэл байлаа гэж тэрбээр мэдэгдлээ. Харин нөгөө Крым нь огт өөр улсын мэдэлд оччихсоны дараа бол түүнийг хулгайлсан биш бүр дээрэмдсэн болохыг Орос мэдэрсэн байна.
Олон сая орос хүн үдэш нэг улсад унтахаар хэвтсэн ч өглөө сэрэхэд хилийн чанадад оччихсон, нэг л мэдэхэд холбооны БНУ-ынхаа үндэстний цөөнх болчихсон байсан гэж тэрбээр хэллээ. Крымийг Украинд өгснийг Путин түүхэн шударга бус үйл явдал гэж нэрлэв. Дөнгөж Ерөнхийлөгч болоод байхдаа Орос-Украины хилийг эцсийн байдлаар тодорхойлох заавар өгч, ингэснээр Крымийг Украины нутаг дэвсгэр болохыг эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрснөө үгүйсгэсэнгүй. Энэ нь Украинтай сайн харилцаатай байх нь бидний хувьд гол зүйл байсан бөгөөд украинчууд нутаг дэвсгэрийн асуудлаарх маргааны барьцааны хүмүүс байх ёсгүй гэж үзэж байсантай нь холбоотой болохыг нуусангүй. Майданы талбай дээр энхийн уриатай гарч ирсэн хүмүүст Путин талархаад сүүлийн үед Украинд болсон үйл явдлуудын ард байсан, өөр зорилго өвөрлөж төрийн эргэлт хийх, эрх мэдлийг булаан авахыг санаархаж, үүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй байсан улсыг буруутгалаа. Чухам ийм хүмүүс л Украинд алан хядлага үйлдэж, эвдэж сүйтгэсэн билээ. Эргэлтийг голлон зохион байгуулагчид нь Украины үндэсний үзэлтнүүд, шинэ нацистууд, еврейн эсрэг үзэлтнүүд байлаа. Чухам тэд л одоо хэр нь Украин дахь асуудлыг тодорхойлж байна гэж Путин хэллээ.
- Украинд хууль ёсны гүйцэтгэх засаглал одоо хэр нь алга... Яриа хөөрөө хийх хүн ч тэнд байхгүй байна. Бослогыг эсэргүүцсэн хүмүүсийг шууд л хэлмэгдүүлж, залхаан цээрлүүлэх арга хэмжээ авч байна. Үүнд хамгийн түрүүнд орос хэлээр ярьдаг крым хүмүүс өртөж байна. Чухам тиймээс л эрх хийгээд амь насыг нь хамгаалахыг хүсэж Крым, Севастополийн оршин суугчид ОХУ-д хандсан юм. Энэ хүсэлтийг хайхрахгүй байж, Крымийг, тэнд оршин суугчдыг зовлон дунд орхихыг бид тэвчээгүй. Тэвчсэн бол ердөө л урвасан хэрэг болох байсан гэв. Крымд байгаа Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хүчийг нэмэгдүүлснээ Путин энд хэллээ. Тэгэхдээ энд байгаа зэвсэгт хүчний албан хаагчдын тоог бид нэмэгдүүлээгүй, тэнд 25 мянган хүн байлгахаар урьд нь шийдсэн байсан юм гэж илэн далангүй ярив. Тэрбээр Крымд болсон бүх нийтийн санал асуулгыг хүчин төгөлдөр гэж үзэж буйгаа тайлбарлахдаа үндэстэн өөрийгөө тодорхойлох эрхийн тухай НҮБ-ын дүрмээс эш татлаа.
Косовод болсон явдал, энэ асуудлыг хэлэлцэж буйтай холбогдуулж НҮБ-ын олон улсын шүүхэд 2009 оны дөрөвдүгээр сарын 17-нд АНУ-аас бичгээр илгээсэн меморандумыг Путин энд сануулсан нь санамсаргүй юм биш. Уг меморандумд “Тусгаар тогтнолын тухай тунхаглал аль нэг улсын дотоодын хууль тогтоомжийг зөрчсөн байх нь цөөнгүй. Энэ нь олон улсын эрх зүйг зөрчсөн гэсэн хэрэг биш” гэж өгүүлсэн байдаг аж. Ерөнхийлөгч Путин хэлсэн үгэндээ АНУ-ын явуулж буй бодлогын асуудлыг хөндөв. Энэ талаар ярихыг тэрбээр эртнээс хүсэж байсан ч тохирох агшин олдохгүй байсан бололтой. - АНУ тэргүүтэй манай Өрнөдийн түншүүд улс төрийн практик үйл ажиллагаандаа олон улсын эрх зүйг биш, хүчтэйн эрх зүйг удирдлага болгохыг илүүд үзэх юм. Дэлхийн хувь заяаг шийдэх эрхийг өөрсдөд нь олгосон мэт, эрх гэдэг маань өөрсдөө л юм шиг байдлаар тэд хандах гээд байна. Тэд хаана ч тусгаар улсын эсрэг хүч хэрэглэхдээ “бидэнтэй нэгдээгүй л бол бидний эсрэг гэсэн үг” гэх зарчмаар хандаад байна гэж Оросын Ерөнхийлөгч хэлэв.
- Тэд биднийг удаа дараа хуурч, бидэнд мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргаж ирсэн. НАТО-г Дорно зүгт тэлэхдээ ч, манай хилийн дэргэд цэргийн дэд бүтэц бий болгохдоо ч ингэж хандсан. Тэд “Энэ та нарт хамаагүй” гэж ямагт хэлж байсан гэж тодруулав. Владимир Путин Хятад, Энэтхэгийн ард түмэнд ихэд талархалтай хандав. АНУ-ын ард түмэнд ч бас. Европчуудад, тэр дундаа герман, украин хүмүүст тэрбээр бас хандлаа. “Та бүхнийг Орос улсаар айлгах гэж буй хүмүүст, Крымийн дараа бас өөр бүс нутгийг оросууд авна гэж хашгирч буй хүмүүст бүү итгэ” гэж Путин хэллээ. Тэрбээр цаашдаа дотоод асуудал хурцадна гэдгээр хүмүүсийг айлгахыг Өрнөдийн зарим улстөрч хичээж буй тухайд үгийнхээ төгсгөлд хэлэхийг мартсангүй. Украинд Оросын хэргийг хамаарагч Андрей Воробьевыг Украины Гадаад хэргийн яам энэ сарын 18-ны орой дуудаж Крымийн тусгаар тогтнолыг Орос улс хүлээн зөвшөөрч, тус хойгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан тухай баримт бичигт гарын үсэг зурсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн нот бичиг түүнд гардуулжээ.
Крымийг Орост хүчээр нэгтгэсэн гэж Киев үзэж буй аж. Крым нь Оросын цэрэгт эзлэгдсэн бөгөөд хойгийн нутаг дэвсгэрт Орос улс тусгаар эрх олгож байгааг Украины эрх баригчид эрс эсэргүүцэж буйг уг мэдэгдэлд өгүүлжээ. Түүгээр ч барахгүй энэ нутаг дэвсгэр дээр Украины болон олон улсын эрх зүйд нийцсэн арга хэмжээ авах эрхтэй гэж өөрсдийгөө үзэж буй талаараа бас дурдсан байна. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй байдлын талаарх олон улсын эрхийн хэм хэмжээг зөрчиж, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг гажуудуулж байна гэж ОХУ-ыг Украины Гадаад хэргийн яам буруушааж буй аж.
Р.ЖАРГАЛАНТ