АНУ хүний эрх, ардчилал, олон улсын хууль захирамж, “Их найм”-ын ашиг сонирхол зэрэг олон зүйлээр түрий барин Крымийн асуудалд хандаж буй бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илүү уламжлалт шалтгаан буюу геополитикт захирагдаж байгаа нь түүнийг Украины хямралыг тойрсон зөрчилд илт давуу ялагчийн дүртэй харагдуулах болов. Өнгөрсөн зууны дунд үед нэрд гарсан Америкийн дипломатч, улс төр судлаач Роберт Штраус-Хюпийн тодорхойлсноор геополитик нь орон зай, хүчний төлөөх тэмцэл юм. Ийм тэмцэл хэдэн мянган жилийн өмнөөс л байсан. Их Британийн газарзүйч, либерал үзэлт Халфорд Макиндер 1904 онд хэвлүүлсэн “Дэлхийн түүхэнд гүйцэтгэх газар зүйн үүрэг” нийтлэлдээ XX зууны хүчний гол тэмцэл тэнгис далайд түшиглэсэн өрнийн орнууд болон эх газрыг түшсэн Оросын хоорондын зөрчил байх тухай дурдсан байдаг.
Өнгөрсөн зуунд болсон томоохон дайн дажин, зөрчил тэмцэл бүрийг геополитиктой холбох аргагүй ч энэ нь аливаа зөрчлийг ойлгохын тулд шалтгааныг нь газар зүйн байршлаас олох хэрэгтэйг батална. Далай тэнгисээр хүрээлүүлсэн газар нутгийн онцлог нь Их Британи, Америкийг хамгийн эрх чөлөөтэй, хөгжингүй улс болгосон тухай цэргийн түүхч Жон Киганий өгүүлсэн сонирхолтой нийтлэл бий. АНУ-ыг үндэслэгчийн нэг Александр Хамильтон ч мөн ийм бодолтой байсан нь бичиж үлдээсэн тэмдэглэлүүдээс нь харагддаг. Тэрбээр Их Британийг арал улс байгаагүй бол эх газрын Европын орнууд шиг хүнд бэрхийг туулж, нэг хүний дарангуйлалд орох байсан гэж хэлсэн удаатай. Эдгээрийг дурдахын учир 1989 онд Берлиний хана нуран унаснаас хойших Орос орон чухамдаа газар нутгийн онцлогийнхоо сайнтай, муутай талыг нэгэн зэрэг үүрч байна.
Орос улс асар уудам газар нутагтайн дээр Төв болон Зүүн Европын үүд болохын хувьд Их Британи, Америкаас ялгаатай нь газар зүйн хувьд байгалийн хамгаалалт, бэхлэлтгүй юм. В.Путиний дээрэнгүй гэгддэг бодлого ч газар нутгийн байршлаас үүдэлтэй энэхүү аюултай байдалтай нь холбоотой. Энэ нь түүнийг зөвтгөх шалтгаан биш ч зарим хурц шийдвэрийг нь ойлгоход дөхөм болно. Өдгөө В.Путин Украины хувь заяаг гартаа атгаж, украинчуудыг барьцаалсан мэт харагдаж байгаа нь ердөө Украин улс Америк, Европоос илүү Орост хамаатай учраас тэр. Украины нутаг Оросын Европын хэсгийн газар нутгийн зүрх нь, Хар тэнгисээр дамжин Газрын дундад тэнгис буюу халуун дулаан бүсийн задгай тэнгист гарах гарц нь төдийгүй түүх соёл, угсаа гарвалын хувьд ч Оросын “өмч”. Тиймээс барууны талыг илэрхий баримтлагчид Украины засгийн эрхэнд гарахыг оросууд зүгээр хараад суухгүй нь анхнаасаа хэнд ч тодорхой байсан. Өрөөл бусадтай булаалдахдаа тулбал эрчим хүч, худалдаа гээд олон зүйлээр Украиныг хараандаа байлгадгийн хувьд оросууд Украиныг авч үлдэх нь ч эргэлзээгүй. Энэ нь В.Путиний геополитикийн давуу талууд. Геополитикийн хүчин зүйлс яагаад ч өөрчлөгдөхгүй тул украинчууд хэчнээн тэмцээд Оросын нөлөөллөөс гарч чадахгүй. Ийм энгийн, хөдөлбөргүй баримтууд ОХУ болон өрнийн орнуудын дунд зөрчил үүсгэж, шинэ Хүйтэн дайн гэгдэж байгаа нь хачирхалтай.
Оросын хэвлэл мэдээллийнхэн болон улстөрчид Косовог Сербээс тусгаар тогтнуулсан барууны орнуудын дэмжлэгийг энэ өдрүүдэд эргэн санаж, өөрсдөд нь хамаагүй улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог атлаа бусад улсыг эрх ашгаа хамгаалахад дургүйцэж, элдэв хориг арга хэмжээгээр сүрдүүлдэг тухай ярьж, бичиж байна. Хэт нэг талыг барих талтай ч оросуудын ийм хандлагыг АНУ болон Европын орнууд анзааралгүй өнгөрч болохгүй. Ирак, Афганистаны дайн, Сири, Ливийн иргэний дайн, дэлхийн санхүү эдийн засгийн хэд хэдэн хямрал Америк болон аялдан дагалдагчдаас нь үүдэлтэйг дэлхий нийт мартаагүй. Тусгаар тогтносон ямар ч улсын бүрэн бүтэн байдалд газар нутгийн онцлог, эдийн засаг, түүхэн болон соёлын харилцаагаар шалтаглан халдах нь зөв зүйл биш. Гэхдээ ийм алхам хийж, геополитикийн өшөө авах үндэс суурийг нь ОХУ-д америк, европчууд нэг талаар өөрсдөө тавьж өгчээ. “Их найм”-ын эрх ашиг, иргэний эрх чөлөө, ардчилал, олон улсын хууль дүрэм гэдэг газар зүйн байршлаас дээгүүр тавих ёстой ч барууны орнууд геополитикийн бодлогыг стратеги төлөвлөгөөндөө тусгаж байж, бусдад шаардлага тавих хэрэгтэй юм.
Г.ДУЛАМ