Жаран жил Украины мэдэлд байсан Крымийг ОХУ-д нэгтгэх эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулгад оролцсон Крымийн 1.2 сая иргэний 96.7 хувь нь Оросын бүрэлдэхүүнд нэгдэхийг дэмжлээ. Энэ нь бүх сонгогчийн 83 хувь нь санал асуулгад оролцсон гэсэн үг юм.
Саналын бүх хуудсыг тоолж дууссан бөгөөд Крымийн хойгийн шинэ удирдагчаар тодроод байгаа Сергей Аксёнов санал асуулгын дүнг баталгаажуулснаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд өргөн барихаа мэдэгджээ. Мөн Крымийн автономит БНУ-ын парламент тус бүс нутгийг албан ёсоор Украинаас тусгаар тогтносныг зарлаж, ОХУ-д нэгтгэх хүсэлт гаргаад байна. Тус бүс нутаг энэ сарын сүүлч гэхэд Оросын рублийг мөнгөн тэмдэгтээ болгож, Москвагийн цагт шилжих тухай ч Крымийн парламент хэлэлцжээ.
Санал асуулгын урьдчилсан дүнг зарламагц баярлаж хөөрсөн олон Крымийн нийслэл Симферополь хотын төвд ОХУ-ын төрийн далбааг барин жагсаж, Зөвлөлтийн үеийн дуунуудыг дуулан, “Бид гэртээ харилаа” хэмээн хоолой нийлүүлэн хашгирч байжээ. Харин Крымийн үндэстний цөөнх болох татар, украинчууд санал асуулгад оролцохоос татгалзсан байна. 1944 онд Иосеф Сталиний шийдвэрээр нутаг заагдан Крымд суурьшсан татарчууд тус бүс нутгийн хүн амын 12 хувийг бүрдүүлдэг юм. Крымийн асуудал ОХУ болоод АНУ тэргүүтэй барууны орнуудын дунд үүсээд буй, Хүйтэн дайнаас хойших хамгийн хурц зөрчил болоод байна. Киевийн шинэ засаг захиргаа болон АНУ, Европын холбооны орнууд санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Крымийн парламентын дээрх мэдэгдлийн дараа ч эдгээр улс байр сууриа бататган мэдэгдэл хийсэн бөгөөд Москвагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах талаар дахин нухацтай хэлэлцэнэ гэжээ.
Украины төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов санал асуулгатай холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ Украин улс газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалсаар байх болно хэмээгээд иргэний нийгмийг цогцлоосон ямар ч улс санал асуулгын дүнг хүлээн зөвшөөр өхг үй гэсэн байна. Харин Европын холбоо санал асуулгыг хууль бус гэсэн бол Цагаан ордон санал асуулгын дүнг айлган сүрдүүлэлт, хүчирхийллийн үр дүн гэжээ. Украины түр Засгийн газрын тэргүүн Арсений Яценюк мөн үүнтэй төстэй мэдэгдэл хийж, Оросын 21 мянга орчим цэрэг крым сонгогчдод буу тулган байж саналын хүснэгтийг бөглүүлсэн гэжээ. Гэхдээ санал хураах мянга орчим цэгт ажилласан олон улсын ажиглагчид санал хураалт будлиантай болсон гэх ямар нэгэн мэдээ ирүүлээгүй байна.
Кремлийн эрх баригчид Крымд байрласан цэргүүдээ зөвхөн Украин дахь орос иргэдийг хамгаалах зорилготой гэж тодорхойлсон. Харин зэвсэг барин нэгдэж, орон нутгийн засаг захиргааны байрнуудыг бүсэлсэн крымчүүдийг Москватай хамаагүй, зөвхөн өөрсдийнх өө эрх ашгийн төлөө боссон гэсэн юм. Одоо Оросын Думийн албан мэдэгдэл тус бүс нутгийн хувь заяа хааш эргэхийг шийднэ гэж олонх ажиглагч үзэж байна.
Г.ЛХАГВА