Украины эргэн тойронд болж буй хямралыг зохицуулах талаар ОХУ олигтой арга хэмжээ авахгүй бол батлан хамгаалах салбарт түүнтэй хамтарч ажиллах төлөвлөгөөгөө Франц улс эргэн харж болзошгүй гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хэлсэн байна. Хөрөнгийг нь зарцуулах эрхгүй болгож, нэвтрэх зөвшөөрлийг нь цуцлах Оросын төрийн өндөр албан тушаалтнуудын нэрийг АНУ болон Европын холбоо өнөөдөр нийтэд сонордуулах юм. Крымд Орос улс цэргээ оруулсантай холбоотойгоор Орост үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг Өрнөд хичээж буй билээ.
ОХУ-д үзүүлэх дарамт шахалт нь гурван түвшинтэй бөгөөд эхнийх нь нэгэнт хэрэгжээд эхэлчихсэн, дараачийн хоёр нь ээлжээ хүлээж буй гэж Францын Ерөнхийл өгчийн албан ёсны төлөөлөгч тэмдэглэжээ. “Мистраль” загварын десантын хоёр хөлөг онгоц нийлүүлэхээр 2011 онд байгуулсан гэрээний талаарх асуултад Францын албаны хүмүүс шууд хариулахаас өнөө хүртэл зайлсхийсээр ирсэн юм. Энэ гэрээ нь ЗХУ задарснаас хойш цэргийн техник авах, өгөх асуудлаар Өрнөдийн хийсэн анхны тохироо байжээ.
Эдгээр хөлөг онгоцыг Орос худалдаж авснаар цэрэг, дайны салбарын тэргүүний технологид нэвтрэх боломж олдох учраас НАТО-гийн гишүүн зарим улс ихээхэн болгоомжилж байлаа. Гэтэл хөлөг онгоц худалдах тухай хэлэлцээр байгуулсныг тухайн үед Францын Ерөнхийлөгч байсан Николя Саркози “хүйтэн дайн” төгсгөл болсны гэрч хэмээн үзэж талархан хүлээж авч байжээ.
Хоёр хөлөг онгоцны эхнийх нь болох “Владивосток”-ийг энэ оны эцсээр Орост нийлүүлэх ёстой. Хоёр дахь нь болох “Севастополь” нь 2016 оны эцэс рүү үйлдвэрээс гарах учиртай гэнэ.