Крымийг Оростой нэгтгэх эсэх асуудлаар өчигдөр бүх нийтийн санал асуулга болов. Уг санал асуулгыг Киевт болон Өрнөдөд хууль бус гэж үзэж буй. Харин ОХУ Крымийн ард түмний сонголтыг хүндэтгэнэ, санал хураалтын дүн гарахаар өөрийн хандлагыг илэрхийлнэ гэсэн байр суурьтай байгаа. Санал хураахаар нутаг дэвсгэрийн 27 комисс, хэсгийн 1205 хороо байгуулжээ. Нэг сая 512 мянга 725 саналын хуудас бэлтгэсэн байна.
Саналын хуудсыг орос, украин, крым-татар хэл дээр бэлтгэсэн аж. Санал хураах ажил өглөө 08.00 цагт эхэлж 12 цаг үргэлжлээд үдэш 20.00 цагт дуусна. Энэ нь Москвагийнхаар бол 10.00 цагт эхэлж, 22.00 цагт дуусна гэсэн үг. Санал хураалтыг ажиглахаар Польш, Австри, Франц, Герман, Бельги, Унгар, Грек, Итали, Латви, АНУ, Израиль зэрэг 23 улсаас 70 хүн ирээд байгаа гэнэ.
ОХУ-аас Төрийн Думийн депутатууд болон Холбооны Зөвл өлийн төлөөлөгчид очоод байгаа юм. Санал хураалтад Крымийн оршин суугчдын 80 гаруй хувь нь оролцоно гэсэн урьдчилсан таамаглал бий. Эндхийн татаруудын санал хураалтад саад учруулахыг удирдагч нь уриалсан ч тэн хагас нь оролцоно гэж үзэж байна. Санал асуулгын явцыг мэдээлэхээр Крымд гадаадаас олон сурвалжлагч ирээд буй. Санал асуулгын үеэр Украины үндсэрхэг үзэтнүүдийн “Барууны сектор” байгууллагын дайчид Оросын армийн алба хаагчдынхтай адил хувцас өмсөөд зэвсэгт мөргөлдөөн өдөөх зорилгоор Крымд байгаа Украины цэргийн ангиуд руу дайрна гэсэн мэдээлэл урьд нь хүмүүсийн сонорт хүрч байсан юм.
Крымийн анхны Ерөнхийлөгч Юрий Мешковыг санал асуулгад оролцуулахаас Крымийн Сонгуулийн төв комисс татгалзжээ. Мешков Москвад амьдардаг учраас Крымд бүртгэлгүй аж. Украин дахь Үндсэн хуулийн байгууллагыг өөрчлөхийг шууд бусаар уриалсан гэж Аюулаас хамгаалах алба нь үзэж Мешковыг 2011 оны долдугаар сард Украины нутаг дэвсгэрээс гаргах шийдвэр гаргасан юм байна.
Р.ЖАРГАЛАНТ