Ес хоногийн өмнө Куала-Лумпур хотоос Бээжин орох замдаа сураггүй болсон Малайзын иргэний агаарын тээврийн онгоцны нисэх багийн ахмад Захари Ахмаад Шах болон туслах нисэгч Фарик Абдул Хамид нарын гэр орныг тус улсын хууль хяналтынхан нэгжиж, гэр бүлийнх нь өвчний түүхийг судалж эхэлжээ. Энэ нь онгоцны радио холбоог зориудаар тасалж, замаас нь гаргасан гэх таамаг үнэн болох нь батлагдсантай холбоотой юм. Нэгжлэгтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл хийхээс албаныхан татгалзсан бөгөөд онгоцыг барьцаалсан, дээрэмдсэн, нисэгч нь амиа хорлохыг завдсан зэрэг байж болох бүх л таамгийг дэвшүүлж байгаа аж.
Хиймэл дагуулын мэдээнээс харахад MH370 нислэгийн дугаартай “Боинг 777” онгоц удирдлагын төвтэй холбоо тасарснаас хойш бараг долоон цаг ниссэн байна. Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак албан мэдэгдэлдээ онгоцыг Казахстанаас Энэтхэгийн далай хүртэлх газар нутгийн хаана нь ч байж магадгүй гэжээ. Нислэгийн багийн 12 гишүүн, 227 зорчигчтой замд гарсан дээрх онгоцыг эрэх ажилд сүүлийн мэдээгээр 14 орны 43 хөлөг онгоц, 58 нисдэг тэрэг оролцож байна.
Мөн онгоц дайран өнгөрсөн байж болзошгүй Тайланд, Мьянмар, Балба, Бангладеш, Бутан, Хятад, Энэтхэг, Пакистаны газар нутгийг эрлийн бүсэд хамруулаад байна.
Г.ДУЛАМ