АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украины түр Засгийн газрын тэргүүн Арсений Яценюкийг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Тэрбээр Америк орон Украины талд байх болно, цаашид үргэлж тусалж дэмжинэ хэмээгээд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Крымийн хойг руу цэрэг оруулсан шийдвэрийг олон улсын хууль журам зөрчсөн гэж үзэж буйгаа дахин илэрхийлсэн байна. Харин А.Яценюк уулзалтын дараа Америкийн хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцахдаа “Украин улс Оросын өмнө хэзээ ч бууж өгөхгүй” гэж онцолжээ.
А.Яценюкийг болон Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов нарыг ОХУ тус улсын бүрэн эрхт засгийн тэргүүд гэж үзэхгүй байгаа юм. Харин АНУ болон Европын холбоо тэдэнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Виктор Януковичийг засгийн эрхээс буулгаснаас хойш Украинд Оросын талыг баримтлагчид болон эсэргүүцэгчдийн дунд зөрчил үүсэж, зөрчлийн төв болох Крымийн хойгийг Оросын цэргүүд бүслээд байгаа. Тус бүс нутгийг ОХУ-ын мэдэлд шилжүүлэх эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулга энэ ням гаригт болно.
Харин санал асуулга явуулах Оросын шийдвэрийг барууны орнууд эсэргүүцэж, санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна. Цэргээ татахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж Цагаан ордон ОХУд сануулсаар байгаа бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ асуудлаар Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцэхээр өнөөдөр Лондон хотод уулзахаар болжээ.