Өнгөц дүгнэхэд Украины хямрал ОХУ болон АНУ, Европын холбоо хоорондын хүчний тэмцэл мэт боловч үнэн хэрэгтээ Украины газар нутгийн байрлал, стратегийн эдийн засаг дахь байр суурь нь энэ бүх үймээн бужигнааны үндсэн шалтгаан юм. Тус улс ОХУ болоод Европын зах зээлүүдийг холбогч гүүр төдийгүй бүс нутагтаа амуу тариа нийлүүлэгч гол орны нэг.
Гэвч Зөвлөлт засаг нуран унаснаас хойш өсөлт нь бууран буурсаар өдгөө улс төрийн хямралаас болж Орос, Европын холбооны аль нэгийг түшихээс нааш эдийн засаг нь өндийхөөргүй болж туйлдаад байна. Крымийн хойгт орос цэргүүд холхиж, Украины хил дээр Оросын арми хүчээ зузаатгаж байгаа энэ үед хөрөнгө оруулагч, эдийн засагчид болон эдгээр улстай санхүү, эдийн засгийн хувьд ойр харилцаатай байдаг орнууд Украины нөхцөл байдал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг анхааралтай ажиглаж байна. Тус улсын хямрал даамжирвал дараах таван сөрөг үр дагавар хамгийн түрүүнд ажиглагдана гэж ихэнх судлаач үзжээ.
БАЙГАЛИЙН ХИЙ, ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСНӨ
Украин орон бол Орос, Европыг холбогч. Хэдийгээр өмнөх шигээ эдийн засгийн хувьд хүчирхэг байхаа больсон ч геополитикийн хувьд Европт голлох үүрэгтэй хэвээр байгаа. Орос улс Европын байгалийн хийн 25 хувийг нийлүүлдэг агаад талаас илүү нь Украины нутаг дахь хоолойнуудаар дамжин Европын гүнд хүрдэг. Москва өмнө нь Киевтэй үл ойлголцсоноос болж хийн нийлүүлэлтээ хэд хэдэн удаа зогсоож байсан ч энэ удаагийн хямрал зэвсэгт мөргөлдөөнд хүрвэл бүх Европын бизнес эрхлэгчид төдийгүй айл өрхүүд эрчим хүчээ өмнөхөөсөө хавьгүй өндөр үнээр худалдаж авна. Энэ нь хар алтны үнэд ч нөлөөлөх нь дамжиггүй бөгөөд сүүлийн мэдээгээр Bench маркийн түүхий нефть баррель нь таван сарын хугацаанд байгаагүй хамгийн өндөр үнэ буюу 105.22 ам.долларт, Brent маркийн түүхий нефтийн үнэ баррель нь хоёр хувиар өсөж, сүүлийн хоёр сарын хугацаанд байгаагүй хамгийн өндөр үнэ буюу 112.39 ам.долларт хүрчээ.
ХОРЬСОН, ХОРИГЛУУЛСАН ХОЁРЫН ХЭН НЬ АЛДАХ ВЭ
Энэ нь мэдээж хэрэг Оросын эсрэг хориг арга хэмжээ хэрэгжсэн тохиолдолд ажиглагдах өөрчлөлт. Хэрэв Америк, Европын холбооны хориг батлагдвал энэ нь дэлхийн тэргүүлэх эдийн засагтай арван орны дунд бие биедээ санхүү, худалдааны хориг хэрэгжүүлэх анхны тохиолдол болох юм. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хэлснээр Цагаан ордон энэ талаар тун нухацтай хэлэлцэж байгаа бөгөөд хориг батлагдах нь бараг л тодорхой болжээ. Гэхдээ ОХУ-АНУ-ын худалдааны эргэлт өнгөрсөн онд 38.1 тэрбум ам.долларт хүрсэн, АНУ Орос руу 11.26 тэрбум ам.долларын бараа таваар экспортолж, Оросоос 29.96 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон, үүний 19 тэрбум ам.долларыг нефть, нефтийн бүтээгдэхүүнд зарцуулсан зэргээс үзэхэд Америкийн хориг арга хэмжээ Оросыг олон улсын тавцанд ганцаардуулах гэхээсээ америкчуудад өөрсдөд нь илүү гарз хохиролтой юм. Харин Европын холбоо Оросын эсрэг ихээхэн далайцтай хориг хэрэгжүүлбэл Оросын эдийн засагт хүндхэн цохилт болно. Тус улсын эдийн засаг Европын холбоотой тогтоосон худалдааны харилцаанаас ихээхэн хамааралтай байдаг. Евро бүсийн гишүүн орнууд Оросын экспорт, импортын тал орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд талуудын худалдааны эргэлт 2012 онд 123 тэрбум еврод хүрч байв. Тэгэхээр Европын холбоотой өмнөх шигээ хамтарч ажиллаж чадахгүй бол Оросын алдагдал хэдэн сая бус, бүр хэдэн тэрбумаар тоологдоно. Гэхдээ нэг зүйлийг онцлоход, Оросын эдийн засгийн өсөлт Украины хямралаас ч өмнө саарч, өнгөрсөн онд л гэхэд ердөө 1.5 хувьтай байв. Магадгүй тийм болоод ч Ерөнхийлөгч В.Путин эрсдэлээс эмээлгүй, улс төрийн байр сууриа хамгаалахыг илүүд үзэж байгаа болов уу.
ДЭЛХИЙН ХҮНСНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ АЛДАГДАНА
Дэлхийн амуу будааны нийлүүлэлт доголдвол нөлөө нь Европоос ч хальж мэднэ. Украин улс арвайнаас гадна эрдэнэшиш, улаан буудайны дэлхийд тэргүүлэгч экспортлогчийн нэг бөгөөд эдгээрийн аль нэгийнх нь нийлүүлэлт саатвал дэлхий дахинд хүнсний үнэ өсөх нь дамжиггүй. Нийтийг хамарсан аливаа бослого, тэмцлийн ард хэзээд хүнсний асуудал их, бага хэмжээгээр яригддаг. Украинчуудын энэ удаагийн тэмцэл ч гэсэн нэг талаар хөдөө аж ахуйн салбартай холбоотой бөгөөд В.Януковичийн гарын үсэг зурахаас татгалзсан Европын холбооны хамтын ажиллагааны гэрээнд Украины амуу тариалалтыг дэмжих тухай зүйл, заалт цөөнгүй байсан юм.
УКРАИНЫ ЭДИЙН ЗАСАГ ДОРДОНО
Украины эдийн засаг тогтвортой байсан бол анхнаасаа улс төрийн хямрал үүсэхээргүй байв. Энэ онд л гэхэд тус улс 13 тэрбум ам.долларын өр төлөх ёстой бол 2015 оноос өмнө барагдуулах ёстой өрийн хэмжээ нь дээрхээс гадна 16 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Одоо үүсээд байгаа нөхцөл байдал даамжирсан ч, эс даамжирсан ч Украины эдийн засаг ойрын хэдэн жилдээ хүндхэн байх нь маргаангүй. В.Януковичийг засгийн эрхэнд байхад Москвагийн санал болгосон 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт царцчихаад байгаа энэ үед Олон улсын валютын сан Украинд тусламжийн гараа түрүүлж сунгах нь тодорхой байна. Тус байгууллагын албаныхан украинчуудад 35 тэрбум ам.долларын зээл олгох талаар хэлэлцэж эхэлсэн. Европын холбоо мөн Украинд 610 сая еврогийн тусламж үзүүлэхээ мэдэгдэж, удахгүй бүх гишүүн орноосоо нэмж 500 сая евро гаргуулна гэв. Оросын байгалийн хийн гол нийлүүлэгч “Газпром” компанид төлөх ёстой Украины хоёр тэрбум ам.долларын өрийг цайруулахад хүртэл туслахаа амласан Европын холбоо цаашид Украиныг Оросын бус өөрсдийнхөө эрчим хүчээр хангах талаар ч судалж эхэлжээ. Харин АНУ украинчуудад эхний ээлжинд тэрбум ам.долларын тусламж олгохоо мэдэгдээд байна. Оросууд ч иймэрхүү “наймаа”-наас хоцрохгүйн тулд “Газпром” компанид төлөх Украины өрийг дарахад 2-3 тэрбум ам.доллар зээлүүлж болно гэжээ.
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХАМГИЙН ХАЛТАЙ
Оросоос гадна хөгжиж буй орнуудыг тэргүүлэгч Бразил, Өмнөд Африк, Энэтхэг, Турк зэрэг улсын эдийн засгийн өсөлт сүүлийн хэдхэн жилд маш хурдтай саарчээ. Хөгжиж буй орнууд өсөлтийн хурдаараа хөгжингүй орнуудын үзүүлэлтийг гүйцэж байж, байр сууриа хамгаалж үлдэх учиртай. Гэтэл 2007 он хүртэлх хугацаанд жилийн дундаж өсөлт нь хоёр дахин нэмэгдэж, найман хувьд хүрч байсан хөгжиж буй тэргүүлэх орнуудын эдийн засгийн өсөлт өдгөө үүний талд нь ч хүрэхгүй байна. Хамгийн амжилттай яваа БНХАУ гэхэд жилийн дундаж өсөлтийн хувиа 7.5 хувьд барьж байгаа. Украины тогтворгүй байдал хөгжиж буй орнуудын эдийн засаг хүндхэн байгаа үетэй давхцаж орхив. Тус улсыг хямралаас гаргахад чиглэсэн олон тэрбум ам.доллар хөрөнгө оруулагчдын анхаарлыг өөр зүгт хандуулж, мөнгөний урсгалыг хөгжиж буй орнуудаас өөр зүг рүү чиглүүлэх магадлалтай. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг бүхэлд нь удаашруулж мэдэх юм.
Г.ЛХАГВА