Украины хямрал аль ч талаас нь харсан байж болох хамгийн хурцадмал байдал руу шилжээд байна. Үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний өнгөрсөн амралтын өдөр парламентаараа батлуулсан шийдвэр хамгийн их нөлөөлөв. В.Путин ганц Крымын хойгт ч бус Украины нутаг дэвсгэрт бүхэлд нь цэргийн ажиллагаа явуулах санал гаргасан бөгөөд энэ нь Украины хямралыг бүс нутгийн, цаашлаад дэлхий дахины хямрал болгож орхилоо.
ОХУ-Европын болоод ОХУАНУ-ын харилцаанд хэдийнэ сэв суулгаад буй Украины хямрал шинэ хүйтэн дайны эхлэл болох вий гэж ажиглагчид хамгийн их эмээж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Оросын эдийн засагт дарамт шахалт үзүүлэх, тус улсыг олон улсын тавцанд ганцаардуулах талаар ярьж эхэлсэн бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Оросын эсрэг хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэхээр болжээ. Харин дэлхийн тэргүүлэх аж үйлдвэржсэн орнууд болох Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи болон АНУ ирэх зургадугаар сард Сочи хотод болох Их наймын уулзалтад оролцохгүйгээ мэдэгдээд байна. Эдгээр улс мөн Украинд санхүү, эдийн засгийн бүхий л талын туслалцаа үзүүлэхээр санал нэгджээ.
Украины Сангийн яамны тооцоогоор тус улсад ирэх хоёр жилд 35 тэрбум ам.долларын тусламж хэрэгтэй болно. Украины түр Засгийн газар Орос улсыг өмнө нь өдөөн хатгалаа гэж байсан бол одоо дайн зарласан гэх болов. Гэвч энэ бүх мэдэгдэл В.Путиний бодлыг өөрчилсөнгүй. Тэрбээр Украин дахь орос хэлтнүүдийг хамгаалах нь улс орных нь бүрэн эрх хэмээгээд дотоод асуудалд нь хөндлөнгөөс оролцохгүй байхыг барууны орнуудад сануулсаар байна. Ийнхүү Орос улс барууны орнуудтай хагаралдаж эхэлсэн нь юуны түрүүнд эдийн засагт нь нөлөөлж эхлэв. Рублийн ам.доллартай харьцах ханш урьд байгаагүй хамгийн доод түвшинд буюу 2.5 хувьд хүрсэн бол Оросын төв банк зээлийн хүүгээ 5.5 хувиас долоон хувь болгон өсгөжээ. Хувьцааны зах зээлд ч Украины хямрал нөлөөлж, Оросын MICEX-ийн индекс сүүлийн мэдээгээр есөн хувиар унаад байна. Байдал хаашаа эргэхийг одоогоор таамаглах аргагүй ч олонх ажиглагчийн тооцоогоор Орос улс Украиныг эзлэх магадлал бага юм. Хэдий шаардлагатай байсан ч цэргийн ажиллагаа хэчнээн их гарз хохирол авчрахыг В.Путин сайн ойлгож байгаа.
Оросын цэргийн шинжээч, сэтгүүлч Павел Фельгенгауэрийн онцолсноор Украин орон оросуудын сүүлийн 20 жилд цэргийн ажиллагаа явуулж байсан газар нутаг, улс орнуудтай харьцуулшгүй том юм. Оросын эдийн засаг, нийгэм, улс төрд ихээхэн нөлөөтэй Чечень л гэхэд 40 сая хүнтэй Украинтай харьцуулахад ердөө сая гаруйхан оршин суугчтай. Мөн 2008 онд орос цэргүүдийн эзэлсэн Гүржийн Абхази, Өмнөд Осетийн БН улсууд газар нутгийн хувьд жижигхэн бөгөөд иргэд нь бараг нийтээрээ Оросын талыг баримталдаг. Эдгээр бүс нутаг өнөө ч Оросын мэдэлд байгаа билээ. Оросын армитай цөөхөн хоног ч гэсэн ширүүхэн тулалдсан Гүржийн зэвсэгт хүчинтэй харьцуулахад Украины арми сүүлийн 22 жилд шинэчлэгдээгүй, техник хэрэгсэл, нөөц бололцоо муутай юм. Тиймээс оросууд Украины гүнд нэвтэрлээ гэхэд хүч тэнцвэргүй тулаан болно гэдгийг талуудын аль аль нь мэдэж байгаа. Ихэнх ажиглагчийн таамаглаж буйгаар орос цэргүүд Крымээс цааш давшсан ч 1968 онд хуучнаар Чехословакийг эзэлж байсан шигээ 2-3 сар л Украины нутагт байрлаж мэдэх юм.
Г.ЛХАГВА