АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ) 1993, 1994 онд Осама бен Ладены ойрын хүрээлэлд өөрийн мэдээлэгчтэй байсан гэж “The Washington Times” сонинд бичсэн байна. Тус товчооны ажилтан Басем Юсефийг ажлаас нь хууль бусаар халсан талаарх шүүхийн материал дотроос тус сонины ажилтнууд ийм мэдээлэл олж авсан аж. ХМТ-ны Лос-Анжелес дэх салбарт удаан хугацаагаар ажиллаж байгаад лалын хэт үзэлтнүүдэд нааштай ханддаг гэх үндэслэлээр халагдсан Юсеф байгууллагатайгаа заргалдсан байна. Бен Ладены ойрын хүрээллээс хүн элсүүлэхээс аваад Юсефийн байгуулсан олон гавьяаг шүүх хуралдааны үеэр түүний өмгөөлөгчид болон гэрч нар ч тоочиж гарчээ.
2010 онд энэ үйл явдал олон түмний анхаарлыг татахгүй байснаас алан хядагчийн ойрын хүрээлэлд АНУ-ын тагнуул байсан нь хэвлэл, мэдээллийнхний хувьд ч анзаарагдалгүй өнгөрсөн байна. 2001 оны есдүгээр сарын 11- ний үйл явдлын талаарх тайланг бэлтгэхэд ч тэр тагнуулын талаар дурсахгүй өнгөрчээ. Харин “Аль-Кайда”-гийн гарал үүслийн талаар томоохон өгүүлэл бэлтгэж байсан дээрх сонины ажилтнуудын анхаарлыг шүүхийн уг баримт татсан аж. 1994 оноос өмнө Бен Ладены хажууд мэдээллийн эх сурвалж байсныг ХМТ хүлээн зөвшөөрчээ. Тэгэхдээ түүний өгч байсан мэдээлэл есдүгээр сарын 11-ний үйл явдалд ер хамааралгүй байв. Тэр мэдээлэгчийн хувь заяа 1994 оноос цааш хэрхсэн талаар мэдээлэл алга.